Мөрийн хөтөлбөр гэдэг нь ичмээр зүйл болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09


Хөөе, цаана чинь том нь ичиж, бага нь уйлав гэгч юм болж байна. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 60 гаруй хувьтай биелүүлж байгаа гээд байсан чинь худлаа байжээ. Мөрийн хөтөлбөрийнх нь 90 хувь биелээгүй гэнэ. Анхнаасаа стандарт бус Засгийн газар байгуулснаас ийм эвгүй үр дүн гарав уу. Зарим нь үүнд тийм гэсэн хариулт өгч байна. Тэгвэл бас өөр эх сурвалжууд “Үгүй ээ, асуудлын гол нь үүндээ бас биш” гэлээ. Гэтэл яагаад бүтэн гурван жил гаруй хугацаанд мөрийн хөтөлбөр ядаж 50 хувьд хүрч биелсэнгүй вэ хэмээн эдийн засаг, улс төр сонирхогчид ам дамжуулан шуугиж эхэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь хоёр том намын сонгуулийн амлалтуудаар ихэвчлэн дүүрсэн. Өөрөөр хэлбэл намуудын амлалт ийм доогуур үзүүлэлттэй гарчээ. Энэ нь юун түрүүнд биелэх боломж муутай, тооцоо судалгаагүй зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө оруулсантай нь холбоотой болов уу. Гэхдээ боломжоо ашиглавал овоо юм амжуулах нөхцөл бас байжээ. Тухайлбал ажилгүйдлийг бууруулж, 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэсэн нь биелсэнгүй. Гэтэл өнөөгийн байдлаар хүн амын 37,8 хувь нь ядуу, хөдөлмөр эрхлэх насны 1,1 сая хүн ажилгүй байна. Ажлаар хангах боломж гэхдээ байсан л юм шиг байна. Таван толгойд 4000 жолооч нүүрс тээвэрлэж байгаагийн 3000 нь Хятад хүн. Тэдний оронд ажиллалуулсан бол   одоо  хэдэн монгол жолооч ажилгүй гунхаж явахгүй л байсан. Нүүрсийг хийжүүлж, хагас боловсруулалт хийгээд түлш болон бусад хэрэгцээгээ хангана гэсэн нь ч будаа болов. Хотын утааг бууруулж чадсангүй. Эрүүл мэндийн салбараа бүрэн шинэчилж амжаагүй л байна. Наад зах нь өвчлөлт буурсангүй. Хүнсний аюулгүй байдал урьдын адил сэтгэл түгшээсэн хэвээрээ. Энэ мэтээр тоочоод байвал мөрийн хөтөлбөрийн биелэлтээс олигтой юм олж харахгүй бололтой. Мөрийн хөтөлбөр гэгч нь ийнхүү ичмээр зүйл болоод байгаа ажээ.  

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top