ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос саяхан мэдээлэл хийхдээ “Бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаа авч үлдсэн ч санд маань ямар ч мөнгө алга” гэж байсан. Тэгэхээр уг салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын хувиар та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-2020 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлтөөс 54 тэрбум төгрөг төвлөрүүлж, зээлд олгоно гэж тусган, баталсан. Зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөнөөс улсын төсөвт оруулах ёстой мөнгийг өгөөд, үлдсэнийг нь зээлийн санхүүжилтэд зориулна гэхээр учир дутагдалтай байгаа. Ирэх жил ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөний хэдэн хувийг нь буцаагаад зээлд олгох вэ. Эсвэл төсөвт өгөх ёстойгоо өгөөд үлдсэнийг нь зээлд гаргах уу гэдгийг Сангийн яамтай ойлголцох хэрэгтэй байгаа. Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтын хувьд шударга, ил тод болсон.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хэлээд байгаа зүйл үнэний ортой. Сангийн үйл ажиллагааг ил тод, шударга, шилэн болгочихсон юм чинь хэдэн төгрөг хуваарилчихсан бол гэдэг зүйлийг тэд ярьж байсан. Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг дагалдаж гарсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна гэж заасан байдаг. Энэ маш чухал заалт байсан. Харамсалтай нь Төсвийн тухай хуулийг дагалдаж орсон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас энэ заалт хасагдчихсан. Тэгэхээр салбарын холбоодын зүгээс сангийн үйл ажиллагаа шударга болсон байхад хэдэн төгрөг өгөөд үйл ажиллагааг нь дэмжчихвэл яасан юм бэ гэж яриад байгаа нь үгүйсгэж болохгүй л асуудал.
-Сая болж өнгөрсөн сонгон шалгаруулалтад төсөл нь шалгарсан аж ахуйн нэгжүүд бол санхүүжилтээ асуудалгүй авч байгаа биз дээ. Яг хэдэн аж ахуйн нэгж санхүүжилт авах эрхтэй болсон бэ. Зөрүүтэй хоёр тоо яригдаад байгаа учраас үүнийг тодруулж байна л даа?
-Энэ жилийн хувьд бол санхүүжилт байгаа. Төсөл сонгон шалгаруулалтаар 467 аж ахуйн нэгжийн төсөл дэмжигдэж, зээл авах боломжтой болсон. Өнгөрсөн онтой харьцуулахад зээлийн хүртээмж хоёр дахин нэмэгдсэн. 2018 онд 97 тэрбум төгрөг хуваарилсан бол энэ жил 47 тэрбум төгрөг буюу хоёр дахин бага мөнгө тусгасан. Гэтэл өнгөрсөн жил 212 аж ахуйн нэгжид зээл өгч байсан бол энэ жил 467 аж ахуйн нэгж буюу 2.2 дахин нэмэгдсэн давуу тал байгаа. Мөн сангийн үйл ажиллагаа ил тод, шилэн болсон, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл олонх болсон. Орон нутагт эрх шилжүүлсэн, зээлийн хүү буурсан, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн компани зээл, төсөлд шалгараагүй гэх мэт олон давуу тал бий.
-Жил гаруйн өмнө ЖДҮ-гийн дуулиан нийгмийн халуун сэдэв болж байлаа. Тэгвэл өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж 2.2 дахин нэмэгдсэн тухай ярьж буй нь таатай мэдээ юм. Гэтэл ирэх жилийн тухайд санхүүжилтийн эх үүсвэр нь тов тодорхой биш байгаад байдаг. Ер нь эргэн төлөлтийг нэмэгдүүлэх чиглэлд танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Зээлийн хүртээмж нэмэгдсэнтэй холбогдуулан хэлэхэд 2018 онд бол журмаараа дээд тал нь хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгож байсан. Харин энэ жил ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс зээлийн дээд хэмжээг нэг тэрбум болгосон. Тэгэхээр нэг тэрбум төгрөгөөр дээд хязгаар тогтоочихоор түрүүний хэлсэн дүн гарч байгаа юм. Санхүүжилт багассан ч хүртээмж хоёр дахин өссөн. Манай сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар 30 хувийн л эргэн төлөлттэй гэх мэтээр буруу ойлгож, ярих хандлага хүмүүст байдаг. Тийм биш. 80 гаруй хувийн эргэн төлөлттэй явж байгаа. Цаашдаа үүнийг сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан дээр Хууль, тусгай активийн хэлтэс гэж шинээр байгуулан зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, өрөө нэхэмжлэх, төлүүлэх, шүүх цагдаад хандах зэрэг үйл ажиллагааг явуулсан учраас энэ жил улсын төсөвт 50 шахам тэрбум төгрөг төвлөрүүлж чадсан сайн дүнтэй байгаа юм. Ирэх жил ч гэсэн энэ эрчээрээ ажиллана.
-Өнгөрсөн зургаадугаар сард батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж чадвал үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа. Бодлогын хэрэгжилт бол хуульд тулгуурлаж явах ёстой шүү дээ?
-Яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэхээр зөвхөн зээл өгдөг газар шиг л хүмүүс голцуу ойлгоод байна. Тийм биш, бодлогыг бүхэлд нь авч явдаг. Манай газрын хувьд өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлуулсан. Дөрөвдүгээр сард ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр батлууллаа. Сая есдүгээр сард Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг батлуулсан. Ахуйн үйлчилгээний хөтөлбөрийг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байна. Хоршооны тухай хууль дээр ажиллаж байна гэхчлэн хамаарч ажиллаж байгаа ажлууд олон. Зөвхөн ЖДҮ биш хоршоо, ахуйн үйлчилгээ гэсэн гурван том салбарыг хамтад нь хариуцаж, бодлогыг боловсруулж, зохицуулалтыг хийдэг учраас маш их ачаалалтай ажилладаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл бол салбарын хуульд заасан бодлогын асуудлуудын нэг л хэсэг. Тухайлбал, Жижиг, дунд, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хууль дээр ЖДҮ эрхлэгчдэд төрөөс санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Түүн дотроо зээл олгоно, зээлийн хүүгийн татаас өгнө, зээлийн батлан даалт гаргана, тоног төхөөрөмжийг нь татвараас хөнгөлөх, чөлөөлнө гэхчлэн санхүүгийн дэмжлэгүүдийн хэлбэрийг тусгасан байдаг. Санхүүгийн бус дэмжлэг гэдэгт гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, зөвлөх үйлчилгээ, инкубацийн үйлчилгээ үзүүлэх гэх зэргээр бодлогоо тодорхойлсон байгаа.
-Сан байгуулагдсанаас хойш өнөөдийг хүртэлх хугацааг авч үзвэл хэчнээн төгрөгийн авлагатай байна вэ?
-Ер нь манай санд 300 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх ёстой. Эндээс 100 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондод өгнө. 2019-2023 оны хооронд өгнө гэж төлөвлөж байгаа. 40 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Зээлийн эргэн төлөлт гээд ярихаар нэр бүхий улстөрчдийн холбоо хамаарал бүхий компаниудын зээл эргэн төлөгдсөн үү гэдгийг асуухгүй өнгөрч болохгүй л дээ?
-Өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлууд хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байна. Үүн дээр бас хоёр ойлголт байгаа юм л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд тойргийнх нь сонгогчдоос янз бүрийн л хүсэлт тавьдаг. УИХ-ын гишүүнд ирсэн өргөдлүүд дотор “Манайх гурван өрөө байртай. Би ядарсан настай тэтгэврийн хүн. Ханын обойгоо солих гээд чадахгүй байна. Обой солиод өгөөч ээ” гэсэн өргөдөл байхыг би өөрийнхөө нүдээр харж, уншиж байсан. Сонсоход инээдтэй байж болох ч амьдрал дээр ийм зүйл байна. Үүнийг энд хэлээд байгаагийн учир нь УИХ-ын гишүүдэд сонгогчдоос нь янз бүрийн л хүсэлт тавьдагийн нэг нь ЖДҮ-гийн зээлд хамрагдахад дэм болж өгөөч гэсэн хүсэлт байдаг шиг байгаа юм. За тэгээд тойргийнхоо сонгогчоос ирсэн хүсэлттэй холбоотойгоор “Манай тойргийн сонгогч нэг ийм бичиг ирүүлжээ. Үүнийг хууль ёсных нь дагуу харж үзнэ үү” гэсэн агуулгатай бичиг хийгээд явуулчихаар тэр хүнтэй холбож ойлгоод яриад байгаа л хэрэг юм л даа. Хэвлэлүүдээр, сошиалаар бичээд байдаг шиг арав, хорь, гуч, дөчин гишүүн ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон асуудал байхгүй. Нийгэмд үүнийг сенсаац болгохын тулд албаар хөөргөж, дэвэргэж хүний тоог нь нэмсэн юм болов уу л гэж харж байгаа. Үнэхээр бас өөрийнхөө хамаарал бүхий компани дээр зээл авчихсан УИХ-ын гишүүд бас бий. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд дуулиан шуугиан болоход миний мэдэж байгаагаар бүгд мөнгөө өгсөн. Тухайн үед авсан 950 сая төгрөгөө хэл ам шуугиан гарангуут бүгд төлсөн байгаа юм.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаар 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болгосноос 20 гаруй мянга нь хадгалагдаж үлдсэн гэсэн судалгаа байсан. Цаашид ажилгүйдлийг бууруулах чиглэлд ямар зорилго тавьж, ажиллаж байна вэ?
-Шинээр батлагдсан хуулийн гол зорилго бол ажлын байр шинээр бий болгоход чиглэж байгаа. Ер нь ЖДҮ, хоршоо яагаад ийм олны анхаарлыг татсан чухал байна вэ гэхээр ажлын байрыг хамгийн олноор бий болгодог. Ядуурлаас гарахад хамгийн чухал салбар бол ЖДҮ, хоршооны салбар. Дэлхий нийт үүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Монгол ч ялгаагүй дэлхий нийтийн жишгээр явж байгаа. Энэ салбарыг яаж хөл дээр нь босгох вэ гэдэг цогц бодлого гаргах ёстой, зөвхөн зээл өгөөд орхичихдог юм биш юм байна гэдгийг хаа хаанаа харж байна. Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтыг үнэхээр төр, хувийн хэвшил том жижиггүй бүгд л шударга, сайн боллоо гэж үнэлж байна. Энэ бол дэвшилттэй сайн зүйл. Одоо тэгвэл салбараа хөгжүүлэхийн тулд том зургаар харж, анхаарах ёстой, шийдэх ёстой зүйлс юу вэ гэдэг нь чухал. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаад үзэхээр ажиллах хүчний хомсдол их байгааг, сая төгрөгийн цалин өгье гэсэн ч шаардлага хангах хүн ирэхгүй байгаа тухай их ярьж байна. Тэгэхээр бид ажилгүй байгаа иргэдээ, ажиллах хүчин хомсдоод буй үйлдвэрүүдтэй маш богино хугацаанд холбож өгөх хэрэгтэй. Нэг иргэнийг ч гэсэн ажлын байртай болгох, нэг үйлдвэрийг ч гэсэн ажиллах хүчний хомсдолоос гаргах шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр боловсруулъя гээд миний бие ахлаад, ажиллаж эхэлсэн. Одоо бол дөнгөж Ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Бид төлөвлөхдөө ажилгүй байгаа иргэдийг маш богино хугацаанд буюу 1-6 сарын хооронд үйлдвэрүүдтэй холбож, ажилтан болгоно. Гэхдээ нэг сарын дараа, зургаан сарын дараа гэсэн үг биш. Тухайн иргэн модны үйлдвэрт ажилд оръё гэж хүсэлт гаргалаа гэхэд модны үйлдвэрүүдтэй холбож өгч, шууд ажлын байран дахь дадлага хийнэ. Тухайн хүн мэргэшиж, суртлаа бол 100 хувийн бүтээмж гаргаж чадахгүй. Тэгвэл эхэндээ 70-80 хувийн бүтээмж гаргаад туслах ажилтнаар ажиллахад нь түүнд нь нийцсэн цалинг үйлдвэрээс өгнө. МСҮТ-д сураад байгаа хүүхдүүдэд өгч буй 70 мянгатай адилхан мөнгийг болж өгвөл тэр мэргэших гэж ажиллаж буй хүмүүст өгье. Тэгэхээр нөгөө хүн маань бүтэн цалинтай дадлага хийгээд ажиллачихна, чадах, чадахгүйгээ мэдчихнэ. Үргэлжлүүлээд ажиллах юм бол үйлдвэртэй нь холбож өгөөд цаашаа явчихна. Ингэхээр ажлын байр нэгээр нэмэгдэнэ, нэг үйлдвэр ч гэсэн ажилтан хайж сатаарахгүйгээр, бүтээгдэхүүнээ сайжруулах тал дээрээ анхаараад явна гэж харж, төлөвлөж байна.
ЖДҮ-ийн гол зорилго нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь биш. Хүн амынх нь хэдэн хувийг ажлын байраар хангаж байна вэ гэдэг хамгийн гол үзүүлэлт болдог.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг хэн хэрэглэх вэ гэдэг мэдээж гол асуудал шүү дээ. Бүгдээрээ адилхан эсгий таавчиг үйлдвэрлээд байх уу. Эрэлт, нийлүүлэлтийг уулзуулахын тулд анхаарч байгаа асуудлууд юу байна вэ?
-Тийм ээ, Дотоодын зах зээл дээр бол манай үйлдвэрлэгчид боломжийн явж байна. Бид зам дагуух дэлгүүр гэж үйлчилгээний цэгийг байгуулахаар ажиллаж байгаа. Аймаг бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгвэл тухайн аймгаас Улаанбаатар руу гардаг төв замынх нь ч юмуу хажууд тэр аймагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүийг зардаг төвлөрсөн дэлгүүр нээх нь хэрэгтэй гэж харж байна. Солонгос, Японд байдаг л жишиг л дээ. Мөн нөгөө талаас үйлдвэрлэгчдээ үзэсгэлэн худалдаануудад оролцуулах, түншээ олоход нь зуучлахад анхаарч байна. Өнгөрсөн есдүгээр сард “Монгол, Хятадын Экспо” Хөх хотод зохион байгуулагдсан. Монголын 450 аж ахуйн нэгж оролцож, 7.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Тэдгээр аж ахуйн нэгжүүд тийм мөнгө олсоон л гэсэн үг. Дараагийн нэг асуудал бол аж ахуйн нэгжүүд эдгээр асуудлуудаа бүгдийг нь шийдчихсэн байлаа гэхэд нэг цэг дээр очоод зогсчихож байгаа юм. Яаж цаашаа хөгжих вэ гэдэг дээр тухайн хүний потенциал, нөөц бололцоо тулчихаад байгаад байж болно. Тэгвэл илүү үйлдвэрлэлээ нэмэх, зах зээлээ тэлэх боломж байна уу. Байвал яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлд мөн анхаарч байна. Зөвлөх үйлчилгээний салбар бол Монголд шинэ. Казахстанд бол хүн зээл авъя гээд ирэхээс нь эхлүүлээд л үйлдвэр нь хөл дээрээ босоод, бүх юмаа шийдтэл зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгаа юм. Тэгэхээр бид сангаа бас энэ чиглэлд болгох ёстой юм байна. Жишээ нь, иргэн Бат аймагтаа талхны цех байгуулъя гэж бодлоо гэхэд сангаас түүнд зөвлөгөө өгнө. Зах зээлийг нь тайлбарлаж, та энэ газарт бол өөр юм байгуул, яагаад гэвэл өшөө хоёр гурван цех энд байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар зөвлөх үйлчилгээ үзүүлээд, дэмжээд өгөхөөр нөгөө хүн чинь төслөө бичээд, зээл авлаа гэхэд хэдэн хүн ажиллуулбал ашигтай байх вэ. Хэдэн төгрөгний цалин өгөх вэ гэдгээ мэдэж байгаа учраас амжилттай явж байгаа юм. Зах зээлээ судлахгүй нэг хүнийг хараад дуурайгаад үйлдвэр байгуулчихаар хоёулаа дампуурчихаж байна л даа.
-Улс орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүнд ЖДҮ нь өндөр хувь эзэлдэг шүү дээ. Манайх бол 20 хувь ч хүрэхгүй байдалтай л байгаад байдаг?
-Ер нь бол ЖДҮ-ийн гол зорилго нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь биш. Хүн амынх нь хэдэн хувийг ажлын байраар хангаж байна вэ гэдэг хамгийн гол үзүүлэлт болдог. Бидний мэддэг Солонгос, Япон, Хятадын аж ахуйн нэгжүүдийг хараад үзэхээр 90 гаруй хувь нь ЖДҮ эрхлэгч байгаа юм. Манайд бол 77 хувь гэж яриад байгаа шүү дээ. Шинэ хуулиар бол 90 гаруй хувь руу буюу олон улсын жишиг рүү очно. Энэ хууль урагшаа алхсан, ирээдүйг харсан хууль болсон гэж буйн нэг жишээ энэ. Бусад хөгжсөн орнуудыг харахад ЖДҮ-ийн салбар нь агентлаг байдаг юм байна. Зарим оронд бүр яамны бүтэцтэй. Манайх шиг ийм эдийн засагтай орнуудын хувьд бол ЖДҮ-ийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь нь ч нийт үйлдвэрүүддээ эзэлж байгаа хувь нь ч, экспортод гаргаж байгаа хувь нь ч бага байна. Тэгэхээр бид үүнийг л олон улсын жишиг рүү явуулах ёстой. Гэхдээ нэг юмыг дотооддоо ойлголцож байгаа байх. Бид айхтар мундаг ухаан гаргаад гэнэт цоороод шинэ юм хийчихнэ гэж харахгүй байна. Ний нуугүй хэлэхэд, тийм боломж хэцүү. Манай зарим хүмүүс тэгж ярьдаг ч амьдрал дээр худлаа. Бид гадаад орнуудын сайн туршлагыг хараад, монголчлоод сайн үйлдвэрүүд гаргаж чадах юм бол бусдын алдааг давтахгүйгээр явна. Сайн явж байгаа жишээг сайн монголчлох тухай ярьж байна л даа.
-Та гаднын сайн жишээ гэлээ. Манай сайн жишээ бас бий л байх?
-Байлгүй яахав. Манай ЖДҮ эрхчлэгчид бараа бүтээгдэхүүнээ сайн үйлдвэрлэж, экспортод гаргадаг болсон байна. Өөрсдөө ч маш их эрмэлзэлтэй болсон байна. Манай Монголчуудад өөрөө үйлдвэрлэл эрхлэе, хажуудаа хэдэн хүний амьжиргааг чирээд явъя гэсэн бодолтой нь олон болж. Энэ бол маш авууштай зүйл. Хэчнээн мөнгө байгаад өгье гэсэн ч тийм сэтгэл зүрх, бүтээлч хандлага байхгүй бол тэр салбар хөгжихгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр хүмүүсийн хэлж, ярьж, тэмцэж байгааг харахад үнэхээр тэдэнд ус агаар шиг хэрэгтэй байна. Төр жаахан дэмжээд өгөөч, тэгвэл бид хөгжих гээд зүтгэж буй нь хамгийн сайн давуу тал. Тэгэхээр төр хүнд суртал гаргахгүйгээр жаахан зөв чиглэл рүү залаад, болж өгвөл зээл тусламжид хамруулаад явчих юм бол манай ЖДҮ эрхлэгчид олон улсын жишигт хүрэхэд ганц алхам дутуу байна.
Сэтгэгдэл ( 2 )
Нэг хэлтэс байгуулагдаад 50 тэрбумын эргэн төлөлт бий болоод бгаа юм бол биш л дээ. Өмнөх жилүүдэд гаргасан зээлүүд эргэн төлөгдөж энэ дүнг бий болгож бгаа юм. 2016-2017 онд 80, 19 онд 97,0 тэрбумыг гаргасан. Угаасаа 80 гаруй хувьтай эргэн төлөлттэй санд энэ хэмжээний эх үүсвэр бий болох нь тодорхой. Жилээс жилд өсөж яваа ч ёстой юм шүү дээ.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37