Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн нэг цагт 2500 төгрөг буюу 420.000 төгрөг болгох тогтоол гаргасан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.1-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах бусад гэрээний харилцаанд дагаж мөрдөх агуулгаар заасан байдаг. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан төдийгүй хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх зэрэг гэрээгээр ажиллаж буй ажилтанд ч хамааралтай юм.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.1-т заасан ёсоор ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон бол хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох үндэслэл болдог аж. Иймд ажил олгогчид 2020 оноос өмнө ажилчидтайгаа байгуулсан гэрээний хөлсний хэмжээг тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцүүлэх учиртай болохыг салбарын яамнаас аж ахуйн нэгжүүдэд сануулж байв.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 950 мянган төгрөгт хүрсэн болохыг салбарын сайд хэлж байгаа.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Ирэх жил бид төрийн албан хаагчдын цалинг нэмэг­дүүлнэ. Дээр нь төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн захиргааны албан хаагчидтай адилхан улсад ажилласан жилийн нэмэгдэл олгодог болж байгаа. Ирэх жил улсын төсөвт төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох удаан жилийн нэмэгдэлд 140 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилээсээ хамаараад 5-25 хүртэлх хувийн нэмэгдэл авдаг болно. Нийтдээ 290 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болон төрийн үйлчилгээний албан хаагчдын урамшууллын асуудлыг шийднэ” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top