Түүнтэй ярилцаж дуусаад баяр хүргэхээ мартсандаа жаахан харамссан. "Мянга мянган шүтэн бишрэгчдийн тань нэрийн өмнөөс танд 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе" гэдэг ганцхан өгүүлбэрийг "Соёл Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин Б.Цолмонд хэлэхийг хүссэн юм. Энэ онд 40 насны ойгоо тэмдэглэх гэж буй энэхүү хамтлагийн алдаа, оноо бүхэн Монголын рок, поп урлагийн түүх билээ.
-Танд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн тухай олон сайхан дурсамж байгаа байх. Тэр дундаас сэтгэлд тань тодхон байдаг нэгэн дурсамжийг өгүүлж ярилцлагаа эхлэх үү?
-Энэ хамтлагтай би амьдралаа холбоод 33 жил болж байна. Дөчин жилийн түүхтэй хамтлагийн дурсамж гэвэл маш олон зүйл ярьж болно. Хүний амьдрал бол тэр чигтээ дурсамж. Энэ олон дурсамжаас өнөөдөр би рок, поп урлагт хамтран хүч, хөдөлмөр, амьдралаа зориулж байсан найз нараа дурсмаар байна. Баарайн Баяраа агсан, басс гитарчин Дамдинсүрэн, дуучин Л.Нандинцэцэг агсан, рок, поп урлагаас төрсөн анхны гавьяат соль гитарчин, хөгжмийн зохиолч Ш.Галсанбат зэрэг найз нартайгаа хамтарч уран бүтээл туурвиж явсандаа баяртай байдаг.
-Хэрвээ "Битлз"-ийн түүхийг мэдье гэвэл тэдний тухай олон баримтат кино, нэвтрүүлгийг хаанаас л бол хаанаас олоод үзэж болно. Харин Монголын рок, поп урлагийн анхны шавыг тавьсан ууган хамтлагийн 40 жилийн түүхийг өгүүлсэн баримт гэвэл юу байна вэ?
-Харамсмаар гэх нь хаашаа юм. Тухайн үед одоогийнх шиг дуу бичлэгийн студи гэж байсангүй. Тэр үед камер байтугай зургийн аппараттай хүн байхгүй байлаа. "Учралын уянга" гээд 1970-аад оны сүүлээр хийсэн кино концерт байдаг. МҮОНРТ-ийн алтан фондод байдаг юм. Клип гэвэл бараг байхгүй. "On and Off" продакшн анх үүсэхдээ манай хамтлагийн "Бүргэд" дуунд нэг клип хийсэн. Үүнээс хойш 2-3 клип хийсэн боловч тухайн үед хальс ховор байсан учир түүн дээрээ дараад өөр юм биччихсэн. Дуу бичлэгийн студийн хувьд Монголын радио л бичдэг байлаа. Өнөөдөр бидэнд үлдсэн зүйл гэвэл радиогийн алтан фондод үлдсэн хэдэн дуу байна. Харин 40 жилийнхээ ойгоор бид ярилцаад Кино үйлдвэрийн дарга Ж.Солонго, Улсын төв архивтай хамтраад олон улсын уралдаан тэмцээнд манай хамтлагийг явж байхад хийсэн бичлэгүүдийг цуглуулж 30-40 минутын баримтат кино хийх төлөвлөгөөтэй байна.
-Одоог хүртэл хүмүүс танай хамтлагийн дуунуудыг сонссоор байна. "Тэмээн жингийн цуваа" гэхэд л их сонин аялгуутай, энгийн хэрнээ этгээд үгтэй. Нээрэн л яг жингийн цуваа шиг дуулагддаг дуу. Энэ дууны тухайд?
-Тийм шүү. "Тэмээн жингийн цуваа" дууг 1987-1988 онд зохиосон. Энэ дууг манай хамтлагийн соль гитарчин Ш.Галсанбат зохиосон. Тухайн үед яруу найрагч Рэнцэндоржтой их ойр ажилладаг байсан. Тэр хүн "Тэмээн жингийн цуваа" гэдэг шүлэг бичээд Ш.Галсанбатад өгчихсөн, тэр шүлэг нь явж л байдаг байсан. Манай хамтлаг хөдөө орон нутгаар их явлаа. Улсын филармонийн төлөвлөгөө тасрах гээд болдоггүй. Бригадаар явах болоод Ц.Намсрайжав дарга "За, миний хүүхдүүд одоо нэг явж цалин олж ирэхгүй бол болохгүй нь ээ" гээд, тэгээд бид нар арав хоног Дорноговь аймаг руу бригадаар явсан юм. Бидэнд нэг вагон гаргаад өгчихсөн бид нэг, нэг купенд ороод хэвтэж байдаг байсан. Өртөө болгон дээр бидний вагоныг салгаад үлдээчихнэ. Тоглож дуусахаар дараагийн цуваанд залгаад дараагийн өртөөг зорьдог. Тэгж явахдаа бид вагон дотор хийх юм олдохгүй хэдэн биенийгээ харж шоолно, онигоо ярина, гаднаас зараа, алтан гагнуур, гүрвэл зэрэг янз бүрийн юм цуглуулна.
-Гүрвэл ээ?
-Үгүй яахав. Хийх юм олдохгүй. Говьд явж байсан болохоор...
-Тэгээд?
-Тэгсэн Ш.Галсанбат маань "За, нэг дуу ороод ирсэн шүү" гэсээр гаднаас ороод ирлээ. Яасан гэсэн, нөгөө "Тэмээн жингийн цуваа" гэж байна. Вагон дотроо банзан гитараа бариад тойрч сууж байгаад, “Тэмээн жингийн цуваа”-даа ая зохиосон /тэрээр дуулж үзүүлэв/. Галсанбат маань тэмээн жингийн цуваа явж байхыг вагоны цонхоор харсан байсан. Хамгийн эхэнд явдаг тэмээ нь хонхтой байдаг шүү дээ. Цувааг нохой дагаж явдаг. Эдгээрийг хамгийн түрүүнд дуундаа тусгаад дээрээс нь тэмээний алхааг хийсэн. Шүлэг нь ч гэсэн нар мандаад, өдөржингөө тэмээн жингийн цуваа явсаар нар жаргатал явдаг. Энэ дууны анхны сонсогчид нь Дорноговь аймгийн Сайншанд хотынхон байлаа.
-Зохиосон дороо тайзан дээр дуулсан хэрэг үү?
-Тийм. Вагон дотор нэг дуулаад шууд тоглосон. Тэр дороо "Тэмээн жингийн цуваа" дуу нийтийн хүртээл болсон. Бүр Сайншанд хотоос бид тэмээтэй болсон. "Тэмээн жингийн цуваа" гээд дуулахаар үзэгчдээс хоёр нөхөр гарч ирээд бидний урдуур "тэмээ" болж явсан юм. Бид цаашаа Замын-Үүд хүртэл явахад нөгөө хоёр нөхөр тэмээ болоод дагаад явсан. "Тэмээн жингийн цуваа" гэхээр тайзан дээр тэмээ болж тоглоод гараад ирдэг. Их сонин түүхтэй дуу. Яг хөгжим талаас нь судлаад харахад их өвөрмөц маягаар хийсэн дуу нь үнэн.
-Үзэл суртлын цензур дунд уран бүтээл хийх амаргүй байсан байх. "Соёл-Эрдэнэ" хамтлагт хийгээгүй үлдсэн уран бүтээл байдаг уу?
-Тийм зүйлүүд байлгүй яахав. Хийгээгүй үлдсэн олон дуу бий. Тэр цензурт тэнцэхийн тулд өөрчилсөн олон дуунууд байдаг юм. Нэг уран бүтээл хийхэд Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс, Зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Соёлын яамны үзэл суртлын хэлтэс зэргээс олон хүн ирж шалгадаг байлаа. Том зураачид хүртэл ирж тайз, хувцаслалт харна. Бидний уран бүтээлийг 2-3 удаа буцаана. "За энэ дууг хэтэрхий гуньж гутарч дуулж байна", эсвэл "Хайр дурлалын дуу концертын 50-60 хувийг эзэлж байна. Нам засгаа магтан дуулсан дуу дуул" гэдэг. Бидний "6:45" дууг сонсоод "энэ дуу юмуу, юу юм бэ. Шүлэг уншаад байгаа юмуу, "6:45" гэж та нар бараг 46 удаа хэллээ" гэх зэргээр тоолоод сууж байдаг байсан. Би чамд нэг сонирхолтой протокол уншиж өгье. /тэрээр Д.Жаргалсайханы бичсэн "Үл тасрах аялгуу" номоос уншив/ Энд Д.Хайдав, Л.Мөрдорж, Г.Бирваа зэрэг хүмүүсийн хэлсэн үг байна. Жишээ нь, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуай "Зайлшгүй хөгжих урлаг. Замыг нь зөв зааж өгөх хэрэгтэй. Сэтгэл нь хөөрөхөөрөө хамаагүй чанга тоглодог улс даа. Иймд тоглох сахилгын тухай асуудлыг цаашид хатуу журамлавал зохино. "Хадны орой" дууны найруулга их аятайхан байна" гэж хэлсэн байна. Ж.Бадраа гуай, "Энэ хамтлагийг анх гарсан цагаас нь эхлэн дэмжсэн хүний нэг нь би мөн. Энэ маань гэмт хэрэг биш байсан бололтой. Баталгаа нь гэвэл Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцоод алтан медалтай ирснийг нь хар л даа. Эд маань дөнгөж хөлд орж байна. Иймд энэ хүүхдээ зөв хөлд оруулах талаас нь бид дэмжих хэрэгтэй юм даа" гэж хэлж байсан байна. Жишээлбэл, энд Э.Оюун гуайн хэлсэн үг байна. "Дуулахдаа хийж байгаа хөдөлгөөн чинь зогсоо зайгүй санжигнаад л байх юм. Дуу болгоныг өнгөлж өгөх хэрэгтэй. Хөдөлгөөнийг дууны утгад тааруулж өгөх хэрэгтэй" гэж хэлсэн байна. Тэгсэн энд Жанчив гуай, "Энэ хамтлагийн "Төрсөн өдрийн дуу", "Үйлчин бүсгүй" зэрэг дууг дуулуулахгүй байлаа гэхэд ертөнц юугаар ч дутахгүй. Ер нь аливаа дууны үгэнд Филармони хатуу шаардлага тавих хэрэгтэй" гэсэн байна. Тэгтэл энэ "Төрсөн өдрийн дуу" өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил дуулагдаж байна. Радиогийн Д.Мягмар гэхэд энэ дууг "Төрсөн өдрийн дуу л гэнэ. Жаргаарай, цэнгээрэй ч гэх шиг. Энэ нь хэний хөдөлмөр юуны хүчээр жаргаж цэнгэх гээд байгаа юм бэ" гэж хэлж байсан байх жишээтэй.
-Ийм үг сонссоны дараа сэтгэлээр унах, урам хугарах үе байсан л байх даа?
-Урам хугаралгүй яахав. Тийм үе байсан. Батлуулж чадаагүй учир тоглож болохгүй гэсэн үг. Заавал батлуулж байж тоглох эрхээ авах учраас дахиад л дуугаа засна. Өнөөдөр ийм зүйл алга. Шууд зохиогоод шууд дуулж байна. Хэдийгээр ардчилсан нийгэмд энэ нь таатай зүйл ч гэсэн тэр дууны нийгэмд нөлөөлөх нөлөөгөө бодож байгаасай гэж хүсдэг шүү.
-Хөдөө орон нутгаар ч их олон тоглолт хийсэн бололтой?
-Тэгэлгүй яахав. 21 аймгийн бүх сумыг хэд дахин тойрсон. Бүх юмаа ачиж аваад 45 хоног явна. Кино шиг л явна шүү дээ. Сүүлдээ хотод жаахан удахаар хөдөө явмаар санагдаад байдаг болчихсон байсан. Гурван есийн хүйтэнд хөдөөний соёлын төвийн танхимд, үзэгчдийн амнаас нь уур савсаад сууж байхад бид цаанаас заасан тоглолтын хувцсыг заавал өмсөж гарах ёстой болдог байсан. Би санадаг юм. Чойр хотод өвөл очиход маш хүйтэн байсан. Мөсөн хонгил л гэсэн үг. Дуучны маань гар нь бээрээд микрофоноо ч барьж чадахгүй зогсож байсан. Тэгсэн манай Л.Нандинцэцэг цээжээ гарсан даашинзтай дуулах ёстой байдаг. Түүнийгээ өмсөөд тайзан дээр гараад ирэхэд үзэгчид бүгдээрээ дуу алдаж байсан. Тийм хүйтэн.
-Заавал түүнийг өмсөхгүй бол болохгүй юу?
-Болохгүй. Тоглолтын хувцас өмсөөгүй гээд бөөн юм болно. Биднийг намын үүрээс хүн дагаж явдаг байсан. Бид тоглолт болгоны өмнө заавал ч үгүй уруул амаа будаж гарна. Зарим суманд зочид буудал олдохгүй. Тоглосон тайзан дээрээ унтах тохиолдол ч олон байлаа.
-“Сүүлийн үед төрөн гарч байгаа дуунууд дээхнэ үеийн сайхан дуунуудыг гүйцэхгүй юм"гээд олон хүний ярьж байхыг сонсож байсан. Одоогийн уран бүтээлчид муу байна уу, эсвэл та нарын үед үнэхээр давтагдашгүй уран бүтээл төрж байсан юм болов уу?
-Олон талаас нь тайлбарлах хэрэгтэй. Тэр үед цахилгаан хөгжмөөр тоглодог хамтлаг олон байсангүй. Тэр үеийн нийгэмд цоо шинэ үзэгдэл нь болсон. Анхны харцаар дурладаг гэдэг шиг хүмүүсийн сэтгэлд тэр дуунууд шууд орсон. Мөн тэр үеийн цензур нөлөөлсөн. Л.Мөрдөрж, Г.Бирваа гуай бол нэвтэрхий хүмүүс шүү дээ. Гэвч хамгийн том шалгуур бол цаг хугацаа. Өнөөдөр ч гэсэн олон сайхан дуу төрж байна. Түүнийг гурван хоногтой юу, гурван жилийн настай юу гэдгийг цаг хугацаа, ард түмэн шүүнэ. З.Зуундарийн дуунуудыг би хэлмээр байна. "Сэтгэлийн жигүүр", "Амин нас", "Ар цармын цэцгүүд"-ийг өнөөдрийг хүртэл дуулж байна.
-Цаг хугацааны шалгуурт дуу үлдэхээс гадна, дуучин хүний хоолой бас хоногшин үлддэг юм шиг?
-Тэр бол яах аргагүй үнэн. Дууг нь сонссоор байгаад тэр хүний хоолой сэтгэл зүрхэнд нь орчихдог. Зарим дуучдыг түүн шиг дуулж байна гэж ярьдаг шүү дээ. Баарайн Баяраа агсан бол үнэхээр Монголын алдарт дуучны нэг байсан. Рок, попынхон бүгдээрээ аугаа дуучин гэдгийг нь мэднэ дээ. Ард түмний сэтгэлд өөрийнхөө дуугаар дүр төрхтэйгөө хамт мөнхөрчихсөн. Л.Нандинцэцэг агсан байна. Өнөөдөр дуучид дууг нь дуулсан ч яг Нандиа шиг дуулж чадахгүй шүү дээ. Одоо ч өөр өөрийн өнгө төрхтэй дуучид байна. Буруу хараад суусан ч өнөөдөр Сараагийн дууг сонсоод хүмүүс таньдаг болсон.
-Хамтлаг дуучдын дуу бичүүлэх үйл явц амаргүй ажил гэдэг. Зарим нь хоолойгоо техникийн тусламжтайгаар өөрчилдөг, чангалдаг, эсвэл өглөөнөөс үүр цайтал дахин дахин дуулдаг гээд л. Таны мэдэж байгаагаар Б.Баяраа агсан, П.Нандинцэцэг агсан нар хоолой бичүүлэх гэж хэр зовдог байсан бэ?
-Бидний үөд дуу бичүүлэхийн тулд дуучин нь тусдаа дуулж бичүүлнэ. Хөгжим нь тусдаа бичигддэг байсан."Шар айраг" хамтлагт Г.Ганхүү бид нэг хэсэг тоглодог байсан. Тэгсэн манай "Харанга" хамтлагийн Лхагваа ирчихсэн сууж байлаа. Гаднаас нэг шинэ хамтлагийн залуу "Бид CD-гээ гаргачихлаа" гээд ороод ирдэг юм байна. Ямар СD гаргав гэсэн, "Гурван дуутай сингл" гэж байна. Тэгээд юм ярьж байгаад надаас "Цоомоо ахаа, танай CD чинь юу билээ" гээд жаахан тиймэрхүү байна. Тэгсэн Лхагваа хажуунаас "Чиний хажууд энэ хамтлаг пянзтай хамтлаг шүү" гэж хэлсэн. Бид нээрэн цорын ганц пянзтай хамтлаг. Бичлэгийн асуудал хүнд байдаг нь үнэн. Гэвч манай дуучид бол мундаг. Ч.Насантогтох, Л.Нандинцэцэг нар радиогийн бичлэгт ороод ганц дуулаад л гараад ирдэг байсан. Энэ бол яах аргагүй үнэн. Ясны дуучид ийм байдаг. Төмөр хоолойтой юм шиг л хүмүүс байсан даа...
-Бөмбөрийн хэмнэл хоцрогдоно гэж байх болов уу?
-Байхгүй. Улам цаашаа баяжаад байдаг. Хүний судасны, зүрхний, цагийн цохилттой адил бөмбөрийн үндсэн хэмнэл явсаар л байдаг. Бөмбөр бол хөгжмийн хэмнэлийг авч явдаг. Хүний амьдрал, дэлхий ертөнц хүртэл хэмнэлтэй шүү дээ. Хүний судасны цохилттой адил хэмжээ цохиход хүнд хамгийн хурдан хүрдэг.
-Тэгвэл бөмбөрчин хүний ур чадвар хоцрогдоно гэж байдаг болов уу?
-Тэр бол байдаг. Бөмбөр байх боловч бөмбөрчин хөгширнө. Шинэ үе, залуучууд шинэ зүйлийг хүснэ. Тиймээс байнга шинэ хөгжим сонсч байх хэрэгтэй. Тэднээс байнга суралцаж байх хэрэгтэй. Гэвч хүний амьдрал гэдэг богино учир аргагүйн эрхэнд хөгширч эхлэхээр гар хуруу мойногшихоос эхлээд өөрийн эрхгүй тэр хэмжээ, хурдыг гүйцэж тоглож чадахгүйд хүрнэ.
-Амьд хөгжмийн залуу хамтлаг дуучид тантай ойр байж, таныг их хүндэлдэг юм билээ. Магадгүй та бүгдийн хойчийг залгах ирээдүйн мэргэжил нэгт нөхдөдөө та юу захихыг, юуг үлгэрлэхийг хүсдэг вэ?
-Нэгэнт өөрөө дурласан зүйлдээ үнэнч байх хэрэгтэй гэж хэлдэг юм. Би олон авьяастай хүмүүсийг мэднэ. Хоёр нийгэм солигдох үед хүн хөгжим сонирхох нь битгий хэл, худалдан авах чадвар доройтсон үе байсан. Олон сайхан авьяастай хүн гахай үүрээд ганзагын наймаа хөөгөөд явсныг би мэднэ. Аль ч хөгжим ялгаа байхгүй түүнийгээ хаяж л болохгүй. Бөхчүүдэд эрэмбэ байдаг шиг манай рок, попынхонд ч эрэмбэ бий. Тийм болохоор "Соёл-Эрдэнэ" хамтлаг гэхээр тэд бүгдээрээ хэн хүнгүй хүндэлдэг.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )