Ш.Цогтцэцэг: Ганц охиноо алдчихаад яахаа мэдэхгүй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

- ОХИДОО ХАМГААЛЪЯ - 
 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх найман настай, охин одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ор сураггүй алга болсон хэргийг шийдэж, үнэн мөнийг олж амжаагүй байтал Сэлэнгэ аймагт бас нэгэн гэр бүл бяцхан охиноо алдсан харамсалтай явдал тохиолдсон билээ.  Одоогоос хагас жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас Бибишийн Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй хэвээр байна. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх эрлийн баг хилийн орчимд ажиллаж байна гэх мэдээллийг албаныхан өглөө. 

Хэрэг гарсан өдөр охины ээж гэртээ хоолоо хийж байгаад хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан байдаг. Тухайн үед сураггүй болсон Б.Ундармаа охиныг сум даяараа эрэн хайж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар болон тагнуулын газар хамтран ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотоос эрүүгийн мөрдөгчид хүч нэмэн ажилласан ч эрлийн ажил өнөөдөр үр дүнд хүрээгүй хэвээр л байна. 
 


Энэхүү хэргийн талаар охины ээж Ш.Цогтцэцэгтэй холбогдож тодруулахад “Хүүхэд алга боллоо гээд хайж эхэлснээс хойш өдөр бүхэн олдчих юм шиг санагдаж байгаа. Хөдөө амьдардаг болохоор хүүхдээ алдчихна гэж ерөөсөө бодоогүй. Ганц охиноо алдчихаад яахаа мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагынхан хайж байгаа. Та бүхэн хүүхдийг минь олоход туслаач. Би яах учраа мэдэхгүй явж байна. Охиныг минь авсан бол гаргаад өгөөч. Харсан үзсэн хүн байвал мэдэгдэж туслаач гэж хэлье” гэсэн юм.

Өнөөдөр ч гэсэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба уг хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг таван сая хүртэлх төгрөгөөр худалдаж авах юм. Хэрэв охиныг харсан үзсэн хүн байвал 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөх боломжтой бөгөөд мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална гэдгээ цагдаагийн газраас мэдэгдээд байна.


Бидний дундаас 19 хүүхэд ор сураггүй болоод байна

Дээрх жишээ бол хоёулаа Монгол Улсын урд болон хойд хилийн орчимд үйлдэгдсэн бөгөөд охидоо алдсан ээж нарын зүгээс тэднийг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага тээсээр байгаа юм. Гэвч хуулийн байгууллагынхны зүгээс хилийн орчимд ажиллагаа явуулсан гэдгээ мэдээлээд, хилийн цаана эрлийн ажил явуулах боломж хомс гэдгийг тайлбарлаж буй.

Харин сураггүй болсон эдгээр охидын ар гэрийнхний зүгээс тэднийг хилийн цаана хайж өгөхийг хүсэж байгаагаа учирлаж байсан юм. Зөвхөн нийслэл хотод гэхэд бага насны хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад жилд 1000 орчим бүртгэгддэг гэх албаны тоо баримт бий. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 830 хүүхэд эрэн сурвалжлагджээ. Эдгээрээс 810 хүүхэд олдсон бол үлдсэн нь ор сураггүй хэвээр.

Өнөөдрийн байдлаар 6-17 насны нийт 19 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байна. Энэ мэт сураггүй болсон эдгээр хүүхдүүдийн ард гэр бүл, эцэг эх нь энэлэн шаналж, эсэн мэнд олдоосой хэмээн итгэл найдвар тавин хүлээсээр байгааг хуулийнхан мартаж боломгүй билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.98) 2020 оны 01 сарын 30

Хүүхэд хуураад дагуулаад явж байсан хятад хүүхнийг сэтгэцийн өвчтэй гээд сулласан гээ биз дээ, баригдах үедээ хэрэглэх заль нь байсан. Цаашаагаа яах гэж байсныг бүрэн судалж гарцыг хаах байсан юм даа.

0  |  0
Ганаа(203.91.115.54) 2019 оны 12 сарын 05

Сэтгэгдлийг минь Устагсан бололтой

0  |  0
Ганаа(203.91.115.54) 2019 оны 12 сарын 05

Хүн иддэг болчихсон л биш юм бол олдох л ёстой. Хэн ч хараагүй үзээгүй байна гэж байхгүй. Эрэх ёстой газартаа эрээгүй юм чинь яаж олдохуу, далдын хар малгай өмсөгчихөөгүй л юм бол хил дээр ямар нэг этгээд гаргаж л байгаа. Амласан мөнгө чинь хүний ам ангайлгахуу. Мэдээлэл өгсөн Хүний нууцыг чанд хадгалж яадахуу. Манайхаан улсынхаа эрх зүйн орчин аюулгүй байдлын хяналт сайжруулмаар байнаа

0  |  0
Top