“Apple” компани iPhone утас үйлдвэрлэлийн стратегийг өөрчилж, 2021 оноос жилд хоёр шинэ загвар гаргаж магадгүй гэж АНУ-ын “JP Morgan” банкны шинжээч Самик Чаттержи үзэж байна. Ингэснээр тус компани ухаалаг утсыг жилийн турш үйлдвэрлэж буй бусад өрсөлдөгчидтэй эн тэнцүү өрсөлдөх, iPhone утсанд шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх боломжтой болох юм.
Самик Чаттержийн үзэж буйгаар, 2020 оны есдүгээр сард “Apple” компани iPhone утасны дөрвөн шинэ загварыг нэгэн зэрэг танилцуулах гэнэ. Шинэ загварууд 5.4, 6.1, 6.7 инчийн OLED дэлгэцтэй байх бөгөөд 5G сүлжээг дэмжинэ. 2011 оноос хойш тогтсон уламжлал ёсоор “Apple” iPhone утасны шинэ загварыг намрын улиралд танилцуулдаг билээ.
“Apple” компани 1976 онд байгуулагдсан бөгөөд iPhone утаснаас гадна iPad таблет, iMac компьютер, MacBook зөөврийн компьютер, iPod хөгжим тоглуулагч зэрэг бусад өндөр технологийн техник, хэрэгсэл үйлдвэрлэдэг. АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод төв байр нь байрладаг тус компани 1.2 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй дэлхийн томоохон компаниудын нэг юм.
iPhone утас зах зээлд анх гарснаас хойш 11 жилийн туршид “Apple” компани нийт 1.4 тэрбум ухаалаг утас борлуулжээ. Тус компани 2017 санхүүгийн жилд нийт 216.8 сая ширхэг ухаалаг утас борлуулж, 141 тэрбум ам.долларын орлого олсон нь нийт орлогын 61.6 хувийг бүрдүүлжээ. 2018 оны санхүүгийн жилийн эхний гурван улиралд нийт 29.9 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 170.8 сая ширхэг iPhone утас зах зээл дээр зарагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )