Жин үдийн халуунд ус уухаар зээрийн сүрэг усан дээр иржээ. Тэдний нэгийг матар үмхээд чирч эхэлжээ. Энэ үед тайвнаар зүүрмэглэж байсан армана гэгч хүчирхэг амьтан (гөрөөс) уурсан хахираад яг л хурдан завь адил тэнцвэргүй тулалдааны зүг дүүлэн одох нь тэр.
Матар ч мэдээж ийм хүчирхэг дайсантай тулалдахыг бус, зуусан олзоо алдалгүй байж булингарт усны гүнд нуугдах гэж яаравчилжээ. Тэр нь ч бүтэлгүй болж олзоо орхиод амь зулбав. Шархадсан зээрийг Армана хамраараа түлхэж уснаас холдуулаад шархыг нь долоож эхлэв. Энэ бол амьтны ертөнц дэх ховор тохиол байлаа. Өөр дүрсийн амьтан шүү дээ, зээр, армана хоёр. Харамсалтай нь тусламж хожимдсон учир, зээр их цус алдан, айснаасаа болоод хагас цагийн дараа үхсэн. Зээрийг үхсэнээс хойш арван таван минутын турш дэргэд нь байж нисэж ирсэн тасыг хөөн зайлуулж байжээ. Хачин хувь тохиол шүү. Швейцарийн амьтан судлаач А.Портман нэг сонирхолтой хуваарь гаргасан байдаг. Оюун ухааны хувьд нэгдүгээрт, хүн. Хоёрт, дельфин, гуравт, заан, дөрөвт, мич ордог. Дараа нь судалт тахь, анааш, үнэг орно. Хамгийн тэнэг нь армана байдаг ажээ. Гэтэл тэнэг араатан маань дээрх баатарлаг бөгөөд энэрэнгүй үйлдэл хийсэн байгаа юм даа.
1980-аад оны "Советская Россия" сонинд нэгэн түүх нийтлэгдэж билээ, тэр нь 23 настай бүсгүйг эрэгт хүрэхэд дельфин тусалсан тухай мэдээ байлаа. Сууж явсан хөлөг онгоц нь эргээс 40 км-ийн зайд сүйрэлд ороход бүсгүй эрэгт хүрэхээр сэлжээ, Гэтэл түүний зүг халим загас ойртох нь тэр. Гэтэл хоёр дельфин бүсгүйн дэргэд түрүүлж ирээд махчин халимыг хөөжээ.Бүсгүйг хэд хэдэн удаа ухаан алдахад дельфинүүд түүнийг сэхээ ортол нь живүүлэхгүйн тулд түлхэн явж байсан гэнэ. Аюулгүй байдлыг заасан тэмдэгт газар хүрсэн хойно л дельфинүүд далайдаа буцжээ. Эдгээр түүхээс үзвэл дельфин гэгч амьтан оюуныхаа хөгжлөөр хүний дараа ордог нь зүй юмаа даа хэмээн бодогдоно. Зохиолч Н.Тихоновын "Гайхалтай бяцхан түүхүүд" гэж хөөрхөн ном бий. Амьтдын нөхөрлөлийн тухай баримттайгаар, яруу сайхан хүүрнэсэн энэ номноос ганцхан түүхийг сонирхуулъя. Би өглөө эрт тагтан дээр гараад бидний зэргэлдээх хэсгийн ногоон дээгүүр хоёр амьтан явж буйг үзлээ. Би гайхсандаа болоод мэлрэв. Миний муур нэг хэрээтэй зэрэгцээд явж байв. Тэд бие биесээ харан явцгаана. Явган хашаан доогуур муур шурган гарч, цэцгийн хүлэмжин дундуур явахад хэрээ явган хашаан дээгүүр дэгдэж гарч, мууртай зэрэгцэн явлаа. Тэд ийнхүү явсаар зам дээр гарч хуучин танилууд шиг хээв нэг явцгаав.
Өглөө эрт зургаан цагийн үед манай зуслангийн байрны үүдэнд хэрээ ирж муурыг маань хүлээнэ. Төдхөн муур маань гарч ирэн тэр хоёр зугаалахаар одно. Анх уулзсан далдуу модон дээрээ очоод муур мод өөд авираад толгойгоо доош харуулан зүүгдэж ид шидээ үзүүлэхэд хэрээ түүнийг дуугүй харан сууна. Төдхөн хэрээ гуагалж гарна. Энэ түүх олон хоног үргэлжилж, тэр хоёрыг харахаар хүмүүс ирэх. Заримдаа хэрээ нисэж яваад маргааш нь хүрээд ирнэ. Энэ түүх эмгэнэлтэйгээр төгссөн юм. Нэг өглөө хэрээ хашаан дотор үхсэн байлаа. Хөршийн хүүхдүүд буугаар буудах дасгал хийж байгаад доогуур нисэж явсан хэрээг оночихжээ. Муур маань хэдэн өглөө гарч хэрээг хүлээдэг байлаа. Түүний дотор юу бодогдож байсныг бүү мэд. Бид амьтны дотоод сэтгэл, амьдралыг тун ч бага мэдэж байна. Энэ эмгэнэлт бөгөөд өхөөрдөм түүхээс улбаалан бодоход зарим талаар амьтад гэдэг тайлахад бэрх ертөнц бололтой. Амьтдын ухаалаг байдлаас уламжлан бодвол зарим талаар эв нөхөрлөлийн хувьд гэх үү дээ. Тэд чинь мунхаг тэнэг хүнээс ч илүү бололтой гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )