Энэтхэг: Цагдаа нар хүчингийн хэргийн сэжигтнүүдийг буудан хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Энэтхэгийн Хайдарабад хотын цагдаа нар малын эмч бүсгүйг хүчиндэж, хөнөөсөн дөрвөн этгээдийг буудан алжээ. Гэмт хэргийг мөрдөх явцад сэжигтнүүдийг хэргийн газар аваачихад тэд цагдаа нарын бууг булаан, зугтахыг завдсан тул цагдаа нар ийм арга хэмжээ авсан гэж Энэтхэгийн хууль хүчний байгууллагаас өнөөдөр /2019.12.06/ мэдээлсэн байна. Энэ үеэр хоёр цагдаа шархаджээ.

Гэмт этгээдүүд 27 настай малын эмч бүсгүйг хүчиндэж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Хохирогч эмэгтэйг шатааж алсан байна. Энэ жигшүүрт хэрэгтэй холбогдуулан Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Жагсаалд оролцогчид эмэгтэйчүүдийг хамгаалах талаар шийдвэртэй арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаарджээ.

Энэтхэгийн парламентын гишүүн цагдаа нарт баяр хүргэж, охидоо хамгаалж, гэмт этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой хэмээсэн бол өмгөөлөгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Вринда Гровер цагдаа нар хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. Гэмт хэргийг мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд төр өөрөө аллага үйлдэж байна хээн тэрбээр шүүмжилжээ.

Энэтхэг улсад 2017 онд 33 мянган хүчингийн хэрэг бүртгэгдсэн хэдий ч ихэнх хэрэг бүртгэгддэггүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top