Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх зорилгоор өнөөдөр /2019.12.06/ “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж байна.
Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд таван үе буюу өртөөг давж аварга болно. Ингэхдээ өртөө бүрт өөр өөр үүрэг гүйцэтгэнэ.
“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа. Өнгөрсөн хавар шүд угаалтын тэмцээнийг Налайх дүүрэгт зохион байгуулсан ба түрүүлсэн багийн хүүхдүүд Тайвань улсад зохион байгуулагдсан “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд 255 дугаар тогтоолоор "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг баталсан. Таван жилийн хугацаанд хэрэгжих, 50 тэрбум төгрөгийн төсөвтэй тус хөтөлбөр энэ онд албан ёсоор эхэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн 153 эмнэлэг ажиллаж байгаа ба үр дүнд нь нийт 92 мянга 185 хүүхэд эрүүлжиж байна. Хүүхдийн цоорсон шүдийг эрүүлжүүлж, тэдэнд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах зорилгоор өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байна. Хүүхдүүдээ эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалсан хамгийн чухал нэг үйл ажиллагаа юм. Шүдний өвчин нь өөрөө маш олон өвчний суурь болдог" гэсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Бид нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг амны хөндийн эрүүл мэндийг сахих, хэрхэн шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх сургалтыг зохион байгуулж, гарын авлагаар хангасан. Энэ хүрээнд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна. Тэмцээний зорилго нь хүүхдүүдийг тэмцээнд бэлдэхдээ шүдээ зөв угааж чадаж байж эрүүл мэндээ хамгаалж чадна гэдгийг ойлгуулахад оршино. Өнөөдөр шүдээ хамгийн сайн угааж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг Улаанбаатар хотын сургууль, сурагч, багш нар тодорхой болно. Энэ арга хэмжээг ирэх жилээс эхлэн өргөн хэмжээнд зохион байгуулна” гэлээ.
“ХҮҮХЭД ШҮДНИЙ ӨВЧЛӨЛӨӨР ӨВДӨӨГҮЙ Ч ЗУРГААН САРД НЭГ УДАА ЗААВАЛ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ”
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Ц.Байгаль “Шүд болон амны хөндийд зонхилон тохиолдож байгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл шүд-эрүүл хүүхэд хэрэгжиж байна. Шүд угаах тэмцээн нь зөвхөн зүгээр нэг тэмцээн болоод өнгөрөх биш гол нь хүүхдүүдэд шүдээ тогтмол угааснаар шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчлах зорилготой. Хүүхэд шүдний өвчлөлөөр өвдөөгүй ч гэсэн зургаан сард нэг удаа шүдний эмчид үзүүлэх ёстой. Сойзоо гурван сар тутам солих ёстой. Бидний хийсэн судалгаагаар хүүхэд шүдээ угаах хэрэгтэй гэдгийг мэддэг мөртөө яг хэрхэн зөв угаах тал дээр дутагдалтай байсан. Тиймээс шүдээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үндсэн арга бол шүдээ зөв угаах гэдгийг ойлгуулах ажлыг эрчимжүүлж байна. Зарим хүмүүс сүүн шүдийг арчлахгүй орхиж болно гэж ойлгодог нь маш буруу ойлголт. Учир нь хүүхдүүд сүүн шүдээ сайн арчилж сурч байж дараа нь ясан шүдээ эрүүл байлгах дадал зуршилд суралцана.Хүүхдийн дадал зуршил тогтох нас нь 3-5 нас байдаг учраас тухайн насан дээр нь эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэйг сайн ойлгуулах зүйтэй. Мэдээж ингэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө сайн үлгэрлэн дуурайлал үзүүлэх ёстой” гэв.
ЕБС-ИЙН ДЭРГЭД ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛСНААР ХҮҮХДҮҮДИЙН ШҮДНИЙ ӨВЛӨЛ БАГАСЧЭЭ
Сонгинохайрхан дүүргийн 65 сургуулийн Нийгмийн ажилтан З.Тунгалаг “Манай сургууль хоёр жилийн өмнө дэргэдээ “Хүүхдийн инээмсэглэл” шүдний эмнэлэг байгуулсан. Тийм учраас 1-12 дугаар ангийн бүх хүүхдүүд хамруулан, эцэг, эхчүүд, хүүхдүүд, багш нарт сургалт явуулдаг. 2017 оноос хойш эмнэлгээрээ дамжуулан 4800 хүүхдийн шүдийг эмчилсэн ба хүүхдүүдийн шүдний өвчлөлийг эмчилсэн үр дүн 85 хувьтай байна. 1-3 ангийн хүүхдүүдийн шүдний өвчлөл бага байдаг. 4-12 дугаар ангийн хүүхдүүдийн шүдний өвчлөл их байсан учраас эдгээр хүүхдүүд дээр түлхүү ажиллаж, давтан эмчилгээнүүдийг хийсэн” гэсэн юм.
Монгол Улсын хүн амын 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байна. Мөн чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 жилд 2-3 дахин нэмэгдэж, сүү цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурчээ. Сүүлийн жилүүдэд 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй нийслэлийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувьд хүрсэн байна. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн өвчин үүсгэж, амь насанд аюул учруулдаг. Мөн мэс заслын үрэвсэлт өвчний суурь шалтгаан болж, амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог байна.
Сэтгэгдэл ( 1 )
Багаж хэрэгслийн ариутгал халдваргүйтэл дээрээ маш сайн анхаарах, өндөр хяналт тавих хэрэгтэй. Эмчилсэн нэртэй өвчин вируснүүд тараах вий дээ. эцэг эхчүүд өөрсдөө бас маш сайн хяналтаа тавих хэрэгтэй