БНАСАУ-ын эсрэг хоригийг зөөлрүүлэхийг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

БНХАУ, ОХУ Хойд Солонгос дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг санал болгож байна.

Москва, Бээжингээс боловсруулж, өргөн барьсан НҮБ-ын тогтоолын төсөлд Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан холбогдох тогтоолын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаа тул ийм арга хэмжээ авах ёстой хэмээн төслийг санаачлагчид үзэж байна. Тогтоолын төсөлд БНАСАУ-ын ард иргэдийн амьжиргаатай шууд холбоотой хориг арга хэмжээг ойрын хугацаанд цуцлах, хоёр Солонгос хоорондын автомашин үйлдвэрлэл, төмөр замын салбарын хамтын ажиллагааны төслүүдийг хориг арга хэмжээний жагсаалтаас хасахыг санал болгожээ.

Түүнчлэн, тогтоолын төсөлд Москва, Бээжин хоёр Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх, Зүүн хойд Азид энх тайвнаар зэрэгцэн орших, бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хойд Солонгосын асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээг ойрын үед сэргээхийг уриалсан байна.

Зургаан талт яриа хэлэлцээг АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ дипломатууд Бээжин хотноо 2003-2009 оны хооронд явуулж байсан ч хоёр талын зөрчлийн улмаас зогсоод байгаа билээ билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top