Өргөн мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй 2019 онд эрэн сурвалжлах, хууль эрхзүйн салбарт өрнөсөн үйл явдлаас ЗУРГААН чухлыг онцлон нэрлэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАР ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Өнгөрч буй 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа. Улмаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилсон билээ. Б.Жаргалсайхан 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.
Түүнчлэн мөн оны тавдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж гишүүдийнг олонх нь дэмжсэн юм. Улмаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилсон юм. З.Дашдаваа нь эрх зүйч, хууль зүйн ухааны магистр, 1995 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж ирсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү дээрх албан тушаалд томилогдсон байдаг.
Мөн оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилсон нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Энхээгийн Батбаяр нь "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан юм.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХЭРГЭЭР ШҮҮГЧ АМИА АЛДАЖ, ЗАРИМ НЬ ГАДААД РУУ ОРГОН ЗАЙЛАВ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Амин билигт” компанийн албан хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсан нарын таван хүнийг их хэмжээний авлигын гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас цагдан хориод байсан. Улмаар 2019- оны хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Л.Бямбаа агсан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ амь насаа алдсан бөгөөд талийгаачийн хэргийг Салхитын мөнгөний ордын хэргээс тусгаарлан шалгаж, амиа хорлосон гэж үзэн, хэргийг хаасан юм.
Хэдийгээр энэхүү хэргийн хамжигч нас барсан ч Салхитын мөнгөний ордын хэргийг АТГ-т үргэлжлүүлэн шалгаж уг хэрэгт холбоотой албан тушаалтнуудын зураглалыг хуулийн байгууллагаас гаргасан байдаг. Тус зураглалд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү, шүүгч С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэрс багтсан байдаг.
Улмаар 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн зургааг нь Салхитын мөнгөний ордын хэргээр шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа өнгөрөгч арваннэгдүгээр сард дууссан байдаг. Гэвч мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт холбогдсон нэр бүхий хоёр шүүгч Монгол Улсаас оргон зайлсан юм. Тухайлбал, талийгаач Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хил дээр саатуулагдсан байдаг ба түүнийг эргүүлэн авчрах ажиллагааг хуулийн байгууллагаас зохион байгуулж буй. Гэвч тэрбээр АНУ-аас оршин суух зөвшөөрөл хүсээд байгаа нь энэхүү ажиллагаанд саад учруулж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнчлэн уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг гадаад улс руу зугтсан гэсэн мэдээлэл бий. Харин албаныхан “Ц.Амарсайхан шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хил давсан. Хэдийгээр хэргийн холбогдогч боловч хувь хүний эрүүл мэндийн байдал чухал. Эмчилгээ хийлгэж буй өвчний тухайд хувь хүний нууцад хамааралтай учир шалтгааныг хэлэх боломжгүй” гэх хариу өгсөн юм. Энэхүү хэргийг одоогоор прокурорын байгууллага хянаж байна.
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ОЛОН ТООНЫ ХЯТАД ИРГЭНИЙГ СААТУУЛЛАА
Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрснийг нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг энэ сарын хоёрны өдөр зохион байгуулсан юм.
Энэ дагуу нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд ирсэн. Улмаар тус улсын БНХАУ-ын цагдаагийн газраас Монгол Улсад хууль бус ажиллагаа явуулсан иргэдээ хүлээн авч бүртгэлжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Наньжин хотын шоронд хорьсон гэх мэдээлэл бий. Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
Одоогоор, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байгаа. Улмаар өнгөрөгч арваннэгдүгээр сард БНХАУ болон Монгол Улсын харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд, хятадын талаас хүсэлт гаргасны дагуу БНХАУ-ын Эрүүгийн мөрдөгч, тусгай багийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагаа явуулсан юм. Өнөөдрийн байдлаар дээрх албаныхны шалгалтын хариуг нэгтгэх ажиллагаа явагдаж байна.
ДӨРВӨН ЖИЛ ШАЛГАСАН 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ
Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 31-нд яллагдагч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
Харин ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэдний гомдлыг энэ сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон юм. Улмаар хэргийг прокурорт буцааж, Ц.Сандуй болон А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хангаж, шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ 60 тэрбумын бичлэгийг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, эл хэрэгт гэрчээр оролцуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн юм.
С.ЗОРИГИЙН ХЭРЭГ БА ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГ ИЛ БОЛЛОО
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх ба түүнийг тойрсон үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа.
Учир нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж байгаа дүрс бүхий бичлэг олон нийтэд ил болж, эл хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо хоног үргэлжилсэн ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан юм.
Харин анхан шатны шүүхийн эл шийдвэрийг прокурор үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн байдаг. Улмаар өнгөрсөн аравдугаар сард Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзсан билээ. Нэг үгээр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын шатандаа явна.
Тэгвэл УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороог УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Энэхүү түр хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж байна. Тэдэнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэж Олон улсын парламентын холбооноос үзэж, дүгнэлтээ ирүүлсэн байдаг. Энэ ч утгаараа түр хорооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн яаралтай суллах шаардлагатай гэж үзэж байна. Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг.
ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААД ИРГЭДИЙГ ЯЛЛАЖ, МАНСУУРСАН МОНГОЛ ДУУЧДЫГ СУЛЛАВ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан билээ. Гэмт этгээдүүдийг улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр ялласан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеезэд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр жүжигчин Б.Энхтүвшинг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан байдаг. Улмаар өнгөрсөн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж, түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь илэрсэн боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон юм.
Мөн дуучин Б.Амархүүг мөн оны аравдугаар сард хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр саатуулан цагдан хориод байсан билээ. Түүнд анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноож, хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан ч өнгөрч буй арванхоёрдугаар сарын 17-нд Б.Амархүү давж заалдсан юм. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн Прокурорын газарт буцааж, түүнийг суллаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37