Ираны тусгай албаны тэргүүн генерал Сулеймани амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Кудс” тусгай албаны тэргүүн генерал Касем Сулеймани Иракийн Багдад хотын нисэх онгоцны буудалд хийсэн АНУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтын үеэр амиа алджээ. Мөн үеэр Иракийн шиитүүдийн “аль-Хашд аш-Шааби” зэвсэгт бүлэглэлийн гишүүд амиа алдаж, Иракийн 12 цэрэг шархаджээ. Генерал Касем Сулейманийн эсрэг тусгай ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар гүйцэтгэснийг Пентагон баталжээ.

Генерал Сулеймани Ирак дахь Ираны цэргийн зөвлөхүүдийн үйл ажиллагааг тэргүүлж, Ираны дээд удирдагч Али Хаменеийн шууд удирдлага доорх цэрэг, тагнуулын “Кудс” байгууллагыг тэргүүлж байсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сулейманийг “алан хядагч” хэмээн нэрлэж байсан билээ.

Багдад хот дахь нөхцөл байдал жагсагчид АНУ-ын элчин сайдын яам руу дайрснаар хурцадсан. Эсэргүүцлийн энэхүү ажиллагаа АНУ-ыг Ирак, Сири дахь шиитүүдийн бүлэглэлүүдийн объектуудад цохилт хийхэд хүргэсэн. Пентагоны мэдэгдэлд АНУ-ын зэвсэгт хүчин гадаадад буй АНУ-ын иргэдийг хамгаалах үүднээс шийдвэртэй алхам хийсэн тухай онцолжээ.

Эл ажиллагааг Ираны дайралтыг урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан хэмээн АНУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Пентагоны мэдэгдсэнээр, Сулеймани АНУ-ын дипломатууд болон цэргийн алба хаагчид руу халдлага үйлдэх төлөвлөгөө боловсруулж, Ирак дахь цэргийн эвслийн баазад халдлага хийхээр төлөвлөж, Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамд дайрахыг зөвшөөрсөн гэнэ. Түүнчлэн, Пентагон Америкийн болон эвслийн олон зуун цэргийн алба хаагчид амь үрэгдэж, олон мянган цэрэг шархадсан хариуцлагыг Сулеймани болон “Кудс” байгууллагад тохсон байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ираны генерал Сулейманийг хөнөөсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Трампын засаг захиргаанаас нөхцөл байдлын тухай Конгресст мэдээлэл хийхийг шаардлаа. Трампын засаг захиргааны өнөөдрийн цохилтыг Конгрессын зөвшөөрөлгүй хийсэн хэмээн тэрбээр тодруулжээ.

Ираны эрх баригчид генерал Сулеймани амь үрэгдсэн болохыг нотолж, өшөө авахаа мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top