Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2020.01.06/-ийн ээлжит хуралдаанаараа Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргасан байна.
Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа юм. Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг, мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болсон байна.
Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дараах мэдээллийг өгсөн юм.
-Экологийн цагдаа ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Засгийн газраас цагдаагийн байгууллагын бүтцэд зарим өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт Экологийн цагдаа байгуулах шийдвэр гарсан. Эхний ээлжинд байгаль эх сүйдээд байгаа гол арваад аймаг, 100 гаруй сумдад энэ албыг байгуулна. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Мөн хуучин төмөр замын цагдаа, нисэхийн цагдаа, замын цагдаа гээд хөдөлгөөнтэй холбоотой ажилладаг байсан цагдаагийн албадыг нэгтгэж Тээврийн цагдаагийн алба гэсэн хөдөлгөөн хариуцсан бүтэц бий болгохыг Засгийн газар зөвшөөрсөн. Гуравдугаарт, цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг Мэдээлэл, судалгааны албатай болж байгаа.
Ерөнхий дүнгээрээ манай цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын 90 орчим хувийг гүйцэтгэдэг. Сүүлийн гурван жилд гэмт хэрэг, зөрчлийн өсөлт зогсож, 10-аас давсан хувийн бууралттай байгаа. Намайг 2017 онд ажил авахад гэмт хэргийн өсөлт 67 хувьтай байсан бол 2018 онд 10 хувиар буурсан. 2019 онд мөн өмнөх оноосоо 10 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, жил дараалан гэмт хэргийн гаралт буурсан. Ер нь тээврийн цагдаагийн бүтцийг туршилтын журмаар ажиллуулж үзсэн. Үр дүнд тээврийн чиглэлээр гарсан гэмт хэргийн тоо буурсан.
-Шинээр байгуулсан нэгжийн бүтэц, зардлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Экологийн гэмт хэрэгт сүйтгэгдсэн газрууд, шалгагдах шаардлагатай газрууд их бий. Монгол шиг байгалийн баялаг ихтэй оронд экологийн цагдаа байх ёстой гэж Засгийн газар үзсэн. 170-аад хүний орон тооны асуудал бий. 2020 оны төсөвт оронтоо, төсвийн зардлын асуудал шийдэгдсэн. Хэрэгжүүлэхэд асуудал гарахгүй.
-Хамгийн түрүүнд хамгаалалтад авах шаардлагатай ямар газрууд байгаа вэ?
-Одоогоор хэлэх боломжгүй байна. Эхний ээлжинд 10-аад аймагт экологийн цагдааг ажиллуулна. Энэ алба байгуулагдаж, дарга нь томилогдсоны дараа аль аймагт хэрхэн ажиллахаа нарийвчилж ярина.
-Экологийн цагдаагийн техник хэрэгслийг хэрхэн шийдэх вэ?
-Ер нь цагдаагийн байгууллагын парк шинэчлэл 2012 оноос хойш хийгдээгүй. 2011 онд би сайд байхдаа төсөвт суулгаж байсан. Түүнээс хойш олигтой юм хийгдээгүй. Одоогоор 327 хэсгийн байцаагчийн байрны асуудлыг шийдсэн. Цагдаагийн төв байгууллагуудын байрыг бүрэн шийдсэн. Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага шинээр баригдаж ашиглалтад орсон. Мөн Багануур, Багахангай, Сүхбаатар дүүргийн цагдаагийн байр ашиглалтад орсон. 42 замын хөдөлгөөний постуудыг барьсан. Би төсвийн ерөнхийлөн захирагчийн хцвьд цагдаагийн байр савыг шийдэж ирсэн. Ирэх жилээс байр савны асуудал шийдэгдэж дуусаж байгаа учраас энэ талд зарах хөрөнгө багасна. Тиймээс шинээр байгуулагдсан албыг бэхжүүлэх, хар тамхитай тэмцэх газарт хүч хөрөнгө нэмэх ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Ер нь нэг үеэ бодвол цагдаагийн байгууллагын байр савны асуудал дээр байж болох бүх ажлууд хийгдсэн.
-Шинэ нэгж хэзээнээс ажилдаа орох вэ?
-Өнөөдрөөс Ерөнхий сайд гарын үсэг зураад, би гарын үсэг зураад Засгийн газрын тогтоол хүчинтэй болно. Тэгээд хэрэгжүүлэх ажил шууд эхэлнэ. Бэлтгэл хангагдсан байгаа.
Сэтгэгдэл ( 0 )