Тодорхой хэмжээгээр болно гэвэл та итгэх үү? Шүлгийн ховор сонин санаа хааяа зүүдэнд орж ирэхээс гадна хэд хэдэн мөрөөр заримдаа ганц хоёр бадгаар орж ирэх нь бий. Баримт ярья. В.В.Маяковский "Шүлэг хэрхэн бүтэх вэ?" өгүүлэлдээ "Би ганцхан олдох хайртдаа дурласан ганц бие хүний ялдам дотно үгийг олж бичихээр хоёр өдөр бодсон юм. Гурав дахь шөнөөр юу ч бодож ололгүй, толгой өвдсөөр унтахаар хэвтэв. Шөнө нь үг олдлоо. Тэр хүн дайнд шатаагдан мухарлагдсан цэргийн адилаар... үлдсэн ганц хөлөө хайрлана гэсэн бодол төрөөд дөнгөж сэрүүт харанхуйгаар чүдэнзний асаасан модны нүүрсээр тамхиныхаа хайрцаг дээр "ганц хөл" гэж таталган бичээд унтсан билээ. Өглөө нь босоод ихэд эрж бодож байж "ганц хөлний" учрыг олж билээ” гэж бичсэн байдгийг олж уншсанаа санаж байна. Энэ шүлгийн ийм мөрүүд зүүдэнд минь орж ирсэн юм шүү гэж хэлдэг шүлэгчид тааралддагаар барахгүй миний хувьд ч тохиолдож байснаа шударгаар хэлэх байна. Тэгэхлээр бид унтаж байх үедээ өөрсдийн бодлоо үргэлжлүүлэн түүнийхээ хариу шийдвэрийг олох чадвартай юм биш биз. Чаднаа аа! Үүнд ер бусын ид шидийн зүйл үгүй. Математикчид зүүдэнд тоо бодож, хөгжмийн зохиолчид хөгжмөө гүйцээн бичсэн, найрагчид шүлэг зохиодог. Оросын нэрт зохиолч Грибоедев "Ухаантны зовлон" гэдэг хошин жүжгийнхээ гол үйл явдлыг унтаж байхдаа олсон гэж ярьж байжээ. Германы химич Кекуле өдөр нь зөндөө бодоод олж чадаагүй бензолын бүтцийн томъёог зүүдэндээ үзсэн түүхтэй. Зүүд, анагаах ухаан хоёр маш сайн холбоотой болох нь тодорхой. Зүүдээ манах гэж бид ярьдаг. Үүний цаад талд сонирхуулах төдийгүй, эрүүл мэндийн асуудал нуугдаж байгааг хэлэх хэрэгтэй биз ээ. Одоо эхний асуудалдаа буюу хүн унтаж байхдаа өөрийнхөө бодлыг үргэлжлүүлдэг талаар залгаж ярья.
Их Пушкин нойрон дундаа шүлэг зохиодог байжээ. Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевский нэг зүүдэндээ "Өөлэй хүүхэд" романыхаа өгүүлэгдэхүүнийг олсон гэдэг. Державин найрагч "Бурхан" гэдэг магтуугаа бичиж байгаад унтчихжээ. Зүүдэн дунд нь төгсгөлийн бадаг орж ирсэн байна. Мөн Тургенев "Би зохиолынхоо баатруудтай зүүдэн дундаа ч байнга уулзалдсаар байдаг" гэж бичжээ. Зарим хүмүүс энэхүү механизмыг зориудаар ашигладаг байна. Тэд нарийн төвөгтэй асуудлуудыг унтахынхаа өмнө боддог, ингээд шөнө юмуу, үүрээр үүнийхээ хариуг олох нь цөөнгүй тохиолддог. Зүүдэнд хүртэл нарийн учир оршдог гэж хэлмээр байна. Гэвч зүүдэндээ даамай итгэнэ гэвэл гоомой явдал болох нь тодорхой. Харин нойр бол их Шекспирийн хэлснээр "бүх хүчний эх булаг, өвдсөн сэтгэлийг анагаах рашаан" юмаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )