...Байгаль хүн хоёрын өөрөө ч мэдээгүй бүтээсэн энэхүү гоо үзэсгэлэнг мэдэрч мэдсэн амьд амьтан ганцхан тэнэг Дорио л байлаа...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10


Жагзмын Сарантуяа

Ж. Сарантуяа Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Багаасаа уран зохиол сонирхон оролдож, дунд сургуульд байхдаа өгүүллэг бичиж эхэлжээ. 1997 онд МЗЭ-ээс явуулдаг "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд "Дэлт цагаан азарга" өгүүллэгээрээ шалгарч тэргүүн шагнал хүртсэн. 2002 онд анхны өгүүллэгийн түүврээ "Дэлт цагаан азарга" нэрээр хэвлүүлж уншигчдадаа барьжээ.

 

Тэнэг Дорио

Майн нэгний сүрт жагсаал өндөрлөж цагаан судалтай цэнхэр өмд, цасан цагаан цамцан дээр улаан зангиа ижилсүүлэн зүүсэн охид, хөвгүүд барьж жагссан өнгө өнгийн цаасан цэцэгнүүдээ бие бие рүүгээ шидлэн дүрсгүйтэн:

-Оюунаа... Нараа... Сараа... гэх мэтээр дуудалцсаар тал тал руу тав гурваараа салж одоцгоолоо. Харин энэ сумын төвд тэнэг Дорио гэж адлагдаж хүүхэд, нохойн доог болсон хөөрхий нэгэн дүйнгэ эр л барвагар том уруултай амаа хагас ангайж, хиртэж сайртсан хүзүүгээ өлийлгөн монхор том хамраасаа гоожих нусаа ч үл хайхран гуниг гутрал шингэсэн бөлцөн нүдэнд нь инээмсэглэл тодрон алсыг ширтэн алмайран зогсжээ.Дүйнгэ эрийг ажиглан сайн харвал 43, 44 ч байж болох, хүнд хар майжгий бакиал хөлдөө углаж хир даг болсон навсархай өмд, магадгүй зуун дээлийн хуулга нийлүүлэн оёсон мэт тэрлэгний тамтагтай ажээ.Түүнийг хоёр дугуйтай усны тэрэг мөрлөн амаараа дүүд хэмээн чагнаалдан ус зөөж амьтан царайчилж явдгийг мэдэхээс, ийнхүү баяр бахдалтайгаар инээмсэглэн бардам ихэмсгээр жаргаж зогсохыг хэн ч хараагүй билээ. Тэнэг Дорио ухаант хүмүүсийн мөнгө төгрөг заран авчруулж хүч хөдөмөр гарган баахан цаасан цэцэг урлан хийгээд эцэст нь ганцхан цаг л хээ хуар гарган, цэцэг жимс мэт болон шидэж орхисон өнөөх зуу зуун цаасан цэцэгсийг түүн цуглуулаад олон хүний хөлөөр онги онги татагдсан газрын хөрсөнд шигтгэн суулгана.

Мөн энд тэндгүй гишгэгдэж няцарсан нялх ногоог үрээ энхрийлэх эх мэт нэг нэгээр нь нандигнан имрэн босгох гэж оролдох авай.Дүйнгэ эр хийсэн ажлаа харан инээд алдан зогссоноо тэрэгтэй ус руугаа ухасхийн өнөөх цаасан цэцэгнүүдээ усалж гарлаа. Услагдсан цаасан цэцэгнүүдийн будаг холилдон урсахдаа цоморлогоо нээж дэлгэх ч ши, навчилж нахиалах ч шиг этгээд сонин дүр зураг гаргана. Үүнийг харсан тэнэг Дорио ургаж байна гэж итгэн гоё... гоё, гоё цэ-цэ-г, цэ-цэг-үүд хэмээн үглэн улам улам усална. Тэгтэл хоёр охин гүйж ирэн

–Ээ, тэнэг Дорио, тэнэг Дорио мангар мангар, маанаг маанаг гэж шоолцгоон барьж явсан цаасан цэцгээрээ нүүрийг нь шавхрахад Дорио цочин агдас хийхдээ усаа алдан асгачихлаа. Элсэнд шингэн орох усыг маанагтан харж зогсох тэнэг Дориогийн нүднээ өнөө инээмсэглэл бүдгэрэн бүдгэрсээр унтарч байлаа. Хоёр охин Дорио руу хэлээ гарган элэглээд часчас инээлдэн өнөө эвлүүлж суулгасан цаасан цэцгүүдийг няц няц гишгэлэхэд тэнэг Дорио өөрийгөө няцлуулсан мэт навтас, навтас хийн дальдчин:

-Өө, та хоёр муухай өөдгүй тэр гоё цэ-цэ-г-үүд их олон цэцэг бас ээж, ногоо цэцэг хөөрхий өвдсөн гэж ээрүүтэн тасалдуулан хэлээд газарт суун хоёр хөлөө тийчлэн тэмээний тавхай мэт хоёр сарвуугаараа нүүрээ даран асгартал уйллаа. Хоёр охин тэнэг Дориогийн юунд ингэтлээ уйлан гашуудаж харамсаад байгааг үл ойлгон, учир утгагүй үг хэлэн заасан зүг рүү нь хараа сунгалаа.Тэнэг Дориогийн хөрсөнд суулгасан цаасан цэцэгнүүд дөнгөж ургаж буй ногоон зүлэг холдож одсон жаалуудын өмссөн хувцастай өнгө харшин үлэмжийн тансаг үлгэрийн сайхан цэцэрлэгийг бүтээжээ. 

Байгаль хүн хоёрын өөрөө ч мэдээгүй бүтээсэн энэхүү гоо үзэсгэлэнг мэдэрч мэдсэн амьд амьтан ганцхан тэнэг Дорио л байлаа...

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top