ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ: Өнгөрсөн онд 7821 иргэн залилуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрсэн гэх тоон үзүүлэлт гарчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк хамтран 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр /2020.01.13/ "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийлээ.

Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг “Монгол банкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг аяныг хамтран зохион байгуулж байна. Залилах төрлийн гэмт хэргийн улмаас санхүү, эдийн засгийн хувьд хохирдог. Тиймээс санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд явж байна. Хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж байгаа бөгөөд нэг хэсэг нь "Ятгах тусам нягтал" аян юм. Монгол банкнаас санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулсан. Төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор төлбөрийн картуудын нууцлалыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах технологид шилжүүлэх ажлыг хийж байна” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх "ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба нь Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран залилагчдад боломж бүү олго гэсэн уриатайгаар "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлээд байна. Цагдаагийн байгууллагад ирсэн статистик мэдээллээс харахад залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нь сүүлийн гурван жилийн байдлаар  2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх арилжих, барьцаалах нэрийн дор зээлийн гэрээ байгуулж залилах, гадаад улсад зорчих, виз гаргаж өгөх, иргэдийн фейсбүүк, мэйл хаяг руу хууль бусаар нэвтэрч найз нөхөд, ойр дотнын хүнээс нь мөнгөн тусламж хүсэх, хуурамч баримт бичиг ашиглаж бусдын хөрөнгийг өөрийн болгох гэх мэт хэргүүд давамгайлан үйлдэгдэж байна" гэсэн юм.

Иргэд залилах гэмт хэргийн талаарх мэдээлэл дутмагаасаа болж энэ төрлийн хэргийн хохирогч болдог байна.  Мөн богино хугацаанд их мөнгөтэй болох, хурдан хугацаанд гадаад гарч амьдрах гэх мэтээс болж залилах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.

Түүнчлэн иргэд залилуулснаа тэр дороо мэддэггүй хугацаа алдах нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top