Б.Галаарид: Худал мэдээлэл түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх болсонд баяртай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн иргэн, албан тушаалтан, байгууллагын талаар түгээсэн мэдээллээс болж Зөрчлийн хуулиар торгуулдаг байсан. Тэгвэл гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас хасагдаж, Эрүүгийн хуульд орсон нь хэвлэл мэдээллийнхний хувьд онцлох сэдэв болоод байна. 

Сүүлийн хоёр жил Зөрчлийн хуулиар гүтгэлэг, доромжлол мөн эсэхийг шийдвэрлэх явцыг зохицуулсан ч тийм зөв зүйтэй хуулийн хэрэглээ байж чадаагүй. Баримт нь үнэн ч сэтгүүлчдийг шилжсэн утгатай үг, хэлц, тооны зөрүү зэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр шийтгэл оногдуулж ирсэн энэ байдалд сэтгүүлчдийн байгууллага, холбоод шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлч, редакцийг эдийн засгийн дарамтад оруулж буй гүтгэх хэмээх заалтыг Зөрчлийн хуулиас хасах, тэгэхдээ олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүрэг, амлалтдаа нийцүүлэн Эрүүгийн хуульд ч оруулахгүй байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад субьектүүдэд илэрхийлж ирсэн билээ. Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан. Харин одоо Эрүүгийн хуулийн 13.14-өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй болжээ. Цагдаа шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь хэрэгсэхгүй болно. Харин сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдээх боломжтой болсон гэхчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын амин чухал асуудлууд хуулийн шинэ зохицуулалтаар шийдэгджээ. 

Энэ талаар СГЗ, доктор, сэтгүүлч Б.Галаарид дараах байр суурийг илэрхийллээ.

Гүжир үгэнд сөөм хариугүйн зовлонг сүүлийн хоёр жил мөн ч ихээр амссан даа, би гэдэг хүн.

Инээж, гайхаж, бухимдаж, тэсэрч янз бүр л болсон. Сайн санаат найз нөхөд минь надаас ч илүү бухимдаж, хуульчдын баг гаргаж өгье гэж хүртэл санал тавьж байв. Хууль, шүүхээр явсан бол болох л байсан. Гэвч би удаан бодсоны эцэст огт өөр шийдвэр гаргасан.

Өөрийнхөө нэр төрийг сэргээх бол өчүүхэн асуудал гэдгийг ойлгосон. Гүтгэлэг гүжирдлэг, худал мэдээллийн золиос бологсдыг хамгаалах, мөн олон нийтийг худал мэдээ (fake news) хэмээх оюун санааны хорноос хамгаалахын тулд Худал мэдээний эсрэг хууль батлуулж байж л санаа амрана гэж шийдсэн. Төрийн 3 өндөрлөгт саналаа хүргүүлсэн. Худал мэдээний эсрэг аяныг өнгөрөгч аравдугаар сараас эхлэн өрнүүлсэн. Олон нийтэд хандан уриалга гаргасан. Нөлөөллийн ажил нэлээд хийсэн.

Миний саналыг хуульч нөхөд маань дэмжиж, хуулийн төсөл боловсруулж эхлээд байлаа. Гэтэл үйл явдал хурдтай өрнөж, худал мэдээ түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай болжээ. Баяртай байна. Хуулийн ажлын хэсэг, уг хуулийг баталсан парламентын гишүүд, дэмжиж хамтарч байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тийм болохоор хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэнгүүт нүүр номныхоо тэргүүнд тавьсан худал мэдээг эсэргүүцсэн логог буулгана.

Гэхдээ л уг нь Худал мэдээтэй тэмцэх тухай тусдаа хуультай болсон бол илүү нарийвчилж, хийдэлгүй болгох байсан даа гэх бодол салахгүй эргэлдсээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 20

Олон хүнтэй улсад гүтгэх нь гэмт хэрэгт тооцдог монголчилсон хууль нь энэрэнгүй

1  |  0
Top