Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр /2020.01.20/ Швейцарын Давос хотноо эхэллээ.
Энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.19/ эх орноосоо мордсон юм.
Тэрбээр чуулга уулзалт өндөрлөсний дараа Норвегийн Хаант улсад айлчлах аж.
Жил тутам зохион байгуулагддаг Давосын чуулга, уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдогоороо онцлог.
Цагаан ордны мэдээлснээр, Давос хотноо болох тус уулзалтад Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Худалдааны зөвлөх Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм. Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )