Зудтай аймгуудын 1000 өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд нүүрлэх аюулд хүрчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр зудын эрсдэлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд өвөлжилт хүндэрчээ.

Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Завхан, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байдалд байна. Тухайлбал Завхан аймгийн ихэнх нутаг цагаан зудтай байгаа юм. Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанчулуут,  Цэцэн-Уул сум, Эрдэнэхайрхан гэсэн 12 сум цагаан зудтай, өвөлжилт хүндэрчээ.

Иймд өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц  болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Мөн тээвэрлэлтийн зардал шаардахгүй малчин өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас ирэх сараас Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж шаардлагатай малчдад бэлэн мөнгө шилжүүлэхээр болсон байна. Улаан загалмай нийгэмлэгээс 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгож, мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top