Арав гаруй аймагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байна

2020 оны 01 сарын 21

Орон нутагт цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд нүүрлэх аюулд хүрлээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр зудын эрсдэлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 10 гаруй аймгийн 43 суманд өвөлжилт хүндэрчээ. Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байдалд байна.

Тухайлбал Завхан аймгийн ихэнх нутаг цагаан зудтай байгаа юм. Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанчулуут,  Цэцэн-Уул сум, Эрдэнэхайрхан гэсэн 12 сум цагаан зудтай, өвөлжилт хүндэрчээ. Завхан аймгийн Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумын 20-иод багийн нутаг цас ихтэй, малын бэлчээр мөстсөн байна. Аймгаас малчдын хотонд өвс тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах зэрэг ажлыг хийж байгаа аж. Мөн Дорноговь аймгийн Их хэт сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Гал шар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Шинэ идэр, Галт, Жаргалант сумд, Сүхбаатар аймгийн Асгат, Увс аймгийн Түргэн, Тариалан, Малчин сумдад цас их хэмжээгээр орж, цагаан зудтай байна.

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын энэ оны анхдугаар хуралдаан болж өвөлжилтийн байдлын талаарх асуудлыг авч хэлэлцэж өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийг хүргүүлэхээр болжээ. Тус аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдэж байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс үндсэн үнээр нь буюу нэг боодол өвс 8500, нэг уут тэжээлийг 10500 төгрөгөөр олгож, тээвэрлэлтийн зардлыг Онцгой комисс хариуцахаар шийдвэрлэжээ. Мөн өвөлжилт хүндэрсний улмаас бусад аймгийн нутагт оторлож яваа малчдын эрүүл мэндэд анхааран ажиллахыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болгожээ. Отроор яваа малчдаа газар дээр нь очиж эргэж өвөлжилтийн байдалтай танилцах үүргийг Жаргалант, Галт сумын Засаг дарга нарт өгч зарцуулах 500 мянган төгрөгийн шатахууныг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн хувьд цас их орсноор өвөлжилт хүндэрч магадгүй байгаа ажээ.  Буянт, Алтай, Ногооннуур суманд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах Ажлын хэсэг ажиллажээ. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг танилцуулж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгсөн байна.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц  болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. 

Онцгой байдлын ерөнхий газраас ирэх сараас Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж шаардлагатай малчдад бэлэн мөнгө шилжүүлэхээр болсон байна. Улаан загалмай нийгэмлэгээс 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгож, мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. 

Ойрын өдрүүдэд хур тунадас нэмэгдэж орох төлөвтэй байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Энэ сарын 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд 5-10 м/с хүрнэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top