УОК: Өвлийг эрсдэлгүй давахад шатахууны хангамжид АНХААРАХ хэрэгтэй байна

2023 оны 12 сарын 23

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр /2023.12.23/ шатахууны нийлүүлэлт, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус мэдээллээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгааг хэлэв. 15 аймгийн 89 сумд цагаан зудын аюул гарч ирээд байгаа бол зарим аймгийн сумдуудаар харын зудын эрсдэл байгаа аж.

Мөн огцом хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурч байна. Дахиад цас ороход Монгол орны нутаг дэвсгэрийн бараг 100 хувьд нь цасан бүрхүүл тогтохоор байгаа аж. Уулархаг газарт 1 метрийн өндөр цасан бүрхүүл тогтсон тохиолдол ч байгаа бөгөөд зудын нөхцөл байдалтай холбоотойгоор өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах, хаврын урт хугацааг давах гарцыг хайж байгааг УОК-оос мэдээллээ.

Энэ хүрээнд ард иргэдийнхээ шатахууны хангамжийг тасалдуулахгүй байхад эртнээс анхаарах асуудал хөндөгдөж байгаа юм. УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ-Ойл, Нью-Энержи стар, Синчи-Ойл зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.

Энэ үеэр өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт 175 мянган литр АИ-92, дизель түлш орж ирсэн бол энэ сарын 21-ний өдрийн байдлаар 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлэгджээ.

Зарим газар цас ихээр орсны улмаас зам даваанд хүндрэл үүсэж, шатахуун тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаашрах, түгээлт хийх автомашинуудын хүрэлцээ муу зэрэг асуудал байгаа аж.

УОК-оос өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хоол хүнс, эм тариа, өвс тэжээл, мах тээвэрлэлт зэрэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд QR кодоор ялгах тэмдэг хийж, шатахуун түгээлт хийх боломжоор ханган, тасралтгүй, шуурхай байхад анхаарч, өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байгааг мэдээллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top