ОХУ-ын шадар сайд Александр Новак эрчим хүчний яаманд холбогдох яамтай хамтран онгоцны түлш импортлох асуудлыг засгийн газартаа танилцуулах үүрэг өгсөн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Холбогдох яам Жет А-1 онгоцны түлшийг дотоод зах зээлд нийлүүлэх асуудлыг мөн засгийн газартаа танилцуулах үүрэг хүлээгээд байна. Түүнчлэн, газрын тосны компаниудад онгоцны керосин түлшийг биржийн арилжаагаар борлуулах тухай гэрээ байгуулах ажлыг яаравчлах зөвлөмж мөн хүргүүлсэн байна.
Үүнээс өмнө Александр Новак ОХУ-ын засгийн газар онгоцны түлшний импортод татаас олгох хувилбарыг авч хэлэлцэхэд бэлэн байгааг мэдээлж байсан билээ.
ОХУ-д дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ буурч, газрын тос боловсруулах үйлдвэрүүд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолт хийж, ложистик хүндрэлүүд гарсантай холбогдуулан онгоцны түлш импортлох хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс ОХУ зургаадугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 30-ыг хүртэл онгоцны түлшний экспортод хориг тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )