Улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
45 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ тухай АҮЭБ-ийн яамны ТНБД Б.Дашпүрэв хэлэхдээ “Улсын хэмжээнд дунджаар 20 хоногийн нөөцтэй болсон үед түгээлт жигдэрч, дугаарлалт арилна. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн нөөцтэй байгаа учраас нийлүүлэлт жигд бус, түр зуурын хүндрэл гараад байна” гэсэн юм.

Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 95 ШТС-нд 1135 тонн, орон нутгийн 42 ШТС-нд 556 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагон цистерн буюу 7,680 тонн АИ-92 автобензиний үлдэгдэлтэй байна. Үүнээс 86 вагон буюу 5,160 тонн нь Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөнд хүрээд байгаа аж.

ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны хэмжээ буурсан нь дотоодын зах зээлд хомстол, дугаарлалт үүсэх шалтгаан болсон байна. Ойрын өдрүүдэд ОХУ-аас хийх ачилтын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top