Ц.Магалжав: Цагаан сараар Э.Оюунболдыг барилдуулахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрч, түүний барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Гэвч аварга Э.Оюунболд удахгүй болох Сар шинийн барилдаанаар зодоглоно гэдгээ илэрхийлээд буй юм. Иймд энэ асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа.


-Аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэж Баяр наадам зохион байгуулах хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээс хассан. Гэвч маргаан шүүхийн шатанд байгаа учраас Э.Оюунболд барилдах боломжтой юу. Сар шинийн баярын барилдаан зодоглоно гэж Э.Оюунболд мэдэгдээд байна?

-Ө.Энхтүвшин сайдын ахалсан Баяр наадам зохион байгуулах комиссоос аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах тогтоолоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирүүлсэн. Тогтоол шийдвэр гарсан учраас барилдах боломжгүй. Цагаан сарын барилдаанаар Э.Оюунболдыг барилдуулахгүй.

-Э.Оюунболд аварга “Сэргээшийн шинжилгээ солигдсон байна. Би хэрэглээгүй” гэдэг зүйл ярьдаг. Шинжилгээ солигдох боломжтой юу?

-Бөхчүүдийн нүдэн дээр нь сэргээшийн сорьцыг аваад битүүмжилдэг. Сорьц солигдох боломжгүй. Гэтэл сорьц авсан нөхдүүд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тэр нөхдүүд юу хийчихсэнийг мэдэхгүй юм. Сорьц сольсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Одоо энэ асуудлыг яаж цэгцлэх вэ гэхээр тухайн бөхийнх нь шээсний шинжилгээг одоо асуудалд орсон бөхчүүдийн шээсний шинжилгээтэй тулгаж, лабораторийн шинжилгээгээр эцсийн байдлаар гаргах байх. Энэ бол нэг их төвөгтэй асуудал биш гэсэн.

-Сэргээшийн дээж шинжилгээг нягтлах ажил хийгдэж байгаа гэсэн  үг үү?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагууд л нягтлах ажил явуулна гэж ойлгож байгаа. Хууль хяналтын хүрээнд хэрхэн шалгаж байгааг АТГ хариулах байх. Биеийн тамир, спортын газрын хоёр эмчийг энэ хэрэгт шалгаж байгаа. Баяр наадмын комисст орж ажилласан эмч нар зохисгүй байдал гаргасан бол тэдэнд хариуцлага тооцоод явах байх. Хуулийн байгууллага энэ асуудалд хариулт өгөх ёстой болов уу.

-Д.Цэрэнтогтох начнаас допинг илэрсэн. Тэрбээр өөрийнхөө шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн үү. Эсвэл гомдол гаргасан уу?

-Д.Цэрэнтогтох начин гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан тоот ирүүлсэн. Энэ хоёр /Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох/ бөхөөс сэргээш илэрсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах эрхийг хоёр жилээр хассан учраас барилдаанд оролцуулж болохгүй гэдэг шийдвэр ирсэн. Энэ шийдвэрийг баримталж ажиллана.

-Наадам болгоны дараа сэргээшийн асуудал яригдах боллоо. Энэ асуудлыг МҮБХ хэрхэн цэгцлэх вэ?

-МҮБХ допингтой хатуу тэмцэнэ. Бөхийн эрх ашгийг хамгаалах үүднээс допингтой тэмцэх байр суурин дээрээ байгаа. Допинг илэрсэн таван бөх өнгөрсөн жил барилдах асуудал яригдахад МҮБХ хатуу байр суурьтай байсан. Сүүлийн үед эмч нар хөрөнгөжсөн, бөхчүүдийн ивээн тэтгэдэг компаниудаас мөнгө шилжүүлж авсан гэдэг асуудал яригддаг. Хэрэв энэ үнэн бол уг асуудлыг гаргаж ирж үндсээр нь цэвэрлэх, хариуцлага тооцоод явахаас өөр арга байхгүй. Хууль хяналтын байгууллага хатуу, цэгц хандах ёстой.

Сэргээшийн асуудал бол барилдаж байгаа олон залуучуудад халтай юм. Олон мянган залуус хөлс, хүчээ гаргаад, цаг заваа золиослоод явж байгаа. Гэтэл шинжилгээг нь сольдог, эсвэл бөхийг спонсорлодог компаниудаас эмч нар мөнгө аваад явж байгаа бол энэ асуудалтай хатуу тэмцэх ёстой. Монгол Улсыг тодотгох өв соёлын нэг нь Монгол бөх.

Гэтэл сүүлийн үед сэргээштэй холбоотойгоор бөхийн нэр хүнд унаж, бөх сонирхогчдын тоо багаслаа гэдэг асуудал ярьж байна. Гэхдээ бөх сонирхогчид багасаагүй байх. Сэргээшийн асуудал нь нийт бөхчүүдийн дунд гэхээсээ илүү маш цөөхөн хувьд нь яригдаж байгаа асуудал юм. Магадгүй 97, 98 хувь нь гурилтай шөлөө идээд бусдын адил бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Бөхийн соёлыг цэвэр ариун байлгах нь бөхчүүдийн үүрэг. Харин сэргээшийн асуудлыг МҮБХ, хуулийн байгууллага хатуу хяналтдаа авч ажиллах ёстой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БӨХ СОНИРХОГЧ(192.82.70.211) 2020 оны 01 сарын 22

ОЮУНБОЛДЫГ СЭРГЭЭШ РҮҮ ТҮЛХЭЖ ШРУПДСЭН НӨХДҮҮД БОЛ АВАРГА Б.БАТЭРЭРДЭНЭ , ГИШҮҮН ОЮУНЭРДЭНЭ НАР ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭД НЬ АДЬЯАХҮҮ НАЧИН !!! В СОРЬЦЫГ НЬ ДНК - Н ШИНЖИЛГЭЭТЭЙ НЬ ХАВСАРЧ ХИЙЛГЭХ ЁСТОЙ ! ТОГТСОН ЖУРМЫНХАА ДАГУУ ХОЁР ЖИЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСЧ ЦОЛЫГ НЬ ХУРАА!!!

1  |  2
Top