Британийн Кардиффын их сургуулийн хэсэг эрдэмтний нээлт хорт хавдрын эсийн эсрэг хүний дархлааны системийг чиглүүлэх боломж олгохоос гадна хорт хавдрын эсрэг эм гаргаж авах боломжийг бий болгожээ.
Энэхүү шинэ арга клиникийн туршилтад ороогүй байгаа ч судлаачид ихээхэн ирээдүйтэй хэмээн найдвар тавьж байна.
Nature Immunology сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны явцад эрдэмтэд Т-лимфоцит гэх дархлааны хариу урвалыг бий болгодог онцгой төрлийн эсийг илрүүлжээ. Эл эс бусад эсийг бодвол бүх төрлийн аюултай тэмцэх чадвартай гэнэ. Өвчтөнүүдийг бүрэн эмчлэх боломж нээгдлээ гэж Кардиффын их сургуулийн судлаач Хэнри Сиуэлл ВВС агентлагт ярьжээ. Т-лимфоцит буюу Т-эсийг төрөл бүрийн хорт хаврын эсийг устгахад чиглүүлэх аргыг тэд нээн олсон байна. Энэ аргыг уушги, цус, бүдүүн гэдэс, хөх, яс, түрүү булчирхай, умайн хорт хаврын эс дээр туршсан бөгөөд Т-лимфоцит хорт хавдрын эсийг устгаж, эрүүл эсийг үлдээж байжээ. Т-эс хорт хавдрын эсийг эрүүл эсээс хэрхэн ялгаж буйг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байна. Түүний рецептор буюу хүлээн авуур “MR1” гэгч молекултой харилцан үйлчлэлд ордог байна. Хорт хавдрын эс “MR1” молекулыг ашиглан дархлааны системээс өөрийгөө хамгаалдаг аж.
Т-эс нь “MR1” молекулаас эсийн бодисын солилцоо алдсан буюу хорт хавдрын эс гэсэн дохио авдаг байх боломжтой гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ус ус ус