Титэм вирусээр халдварласан тохиолдол 291 болж, зургаан хүн нас барлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Хятадын Ухань хотод анх илэрсэн шинэ төрлийн титэм вирусээр халдварласан тохиолдол улам бүс өссөөр байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр 291 болжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, сүүлийн нэг хоногийн дотор 77 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд есөн бүс нутагт 27 сэжигтэй тохиолдол илэрчээ.

Хятад улс лхагва гарагт Женев хотноо болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой байдлын хорооны шуурхай хуралдаанд оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. Хятад улс шинэ төрлийн 2019-nCoV вирустэй тэмцэх, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэж тус яамнаас мэдэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейэсус онцгой байдлын хорооны шуурхай хуралдааныг лхагва гарагт зарлаж, 2019-nCoV гэж нэрлэгдээд буй вирусийн халдвар олон улсын шинж чанартай онцгой байдал болох эсэхийг тогтоох юм. Одоогийн байдлаар энэ вирусээр халдварласан зургаан хүн нас барсан.

Шинэ төрлийн 2019-nCoV вирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Энэтхэгийн Калькутта хотын олон улсын нисэх онгоцны буудалд хяналтын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Тус онгоцны буудалд Хятадаас ирж буй зорчигчид, нисэх багийн гишүүдийг нэвтрүүлэх тусгай бүс байгуулжээ. Одоогоор тус улсад халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Халдвартай холбогдуулан Хонконг, Сингапур, Тайланд, Малайз, ОХУ, АНУ, Австрали зэрэг улс нисэх онгоцны буудлуудад хөл хорионы өндөржүүлсэн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Титэм вирус хүнээс хүнд халдаж байгааг холбогдох байгууллагууд албан ёсоор зарлалаа.

Шинэ төрлийн эл вирус амьсгалын замаар халдварлах тул иргэдийг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top