Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт хүний тоо 75197 хүрснээс эх газрын Хятад улсад 74185 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд 2009 өвчтөн нас барж, 14.3 мянган өвчтөн эмнэлгээс гарчээ. Одоогоор, 11 977 өвчтөний биеийн байдал хүнд байна.
Нэг хоногийн дотор тус улсад 1749 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 136 өвчтөн нас барж, 1824 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор, нийт 5248 сэжигтэй тохиолдол илэрч, 135.8 мянган хүн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусээр халдварласан тохиолдлоор Хятад улсын дараа 614 тохиолдол бүртгэгдсэн Япон улс удаалж байна.
- Хятадын Сиань хотын их сургуулийн инженерүүд хүний биеийн халууныг хэмжих робот бүтээжээ. Хүн нэг удаад нэг л хүний биеийн халууныг хэмждэг бол роботууд нэгэн зэрэг хэд хэдэн хүний биеийн халууныг хэмжих чадалтай аж. Эдгээр робот халуун хэмжихээс гадна тухайн хүнийг таних чадвартай гэнэ. Үүнээс өмнө Хятадын технологийн компаниуд орон байранд халдваргүйжүүлэлт хийх, эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэх, өвчтөнүүдийн мэдээлэл цуглуулах хөдөлгөөнт роботуудыг бүтээсэн билээ.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” коронавирус хүнээс хүнд халдварласан нийт 100 орчим тохиолдол бүртгэжээ. Эдгээрээс ихэнх нь Японы Ёкохама хотын боомтод карантинд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээр бүртгэгдсэн байна. Шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварласан 92 тохиолдол нийт 12 улс оронд илэрчээ. Гэхдээ хүнээс хүнд вирус халдварлаж буй тогтвортой тохиолдлыг “Diamond Princess” усан онгоцноос өөр газарт бүртгээгүй гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус тодруулжээ. Тус хөлөг онгоц дээр халдвар авсан хүмүүс хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд ихэнх зорчигчид эрүүл байна.
- БНХАУ-ын Төрийн зөвлөл коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан эдийн засгийг дэмжих шинэ арга хэмжээ авахаар болжээ. Өдгөө халдварын голомтод коронавирусийн халдвар авсан хүмүүсийг улирлын энгийн томуугаар өвдсөн өвчтөнүүдээс тусгаарлах нь хамгийн чухал зорилт болоод байна. Тус улсын Төрийн зөвлөл ялангуяа Хубэй мужийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн татварыг бууруулах, гахайн аж ахуйд санхүүжилт олгох, бага хүүтэй зээл олгох, түрээсийн төлбөрийг бууруулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
- Словак Улс ДЭМБ-д шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд зориулж 200 мянган еврогийн тусламж олгоно.
- Энэ пүрэв гарагаас /2020.02.20/ баасан гарагт шилжих шөнөөс эхлэн ОХУ ажил, сургалт, аялал жуулчлал болон хувийн зорилгоор тус улсад зорчих Хятадын иргэдийг нэвтрүүлэхийг түр хориглохоор болжээ. Түүнчлэн, Хятад улсаас ажилчин авах хүсэлт, урилгыг түр хугацаагаар зогсоох бөгөөд гаднын ажиллах хүчин авах зөвшөөрлийг мөн түр хугацаанд авахгүй гэнэ. Гэхдээ энэхүү хязгаарлалт дамжин өнгөрөх зорчигчдод хамаарахгүй юм байна.
- ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг шаардлагатай тохиолдолд Ухань хотод ажиллах боломжтой гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгджээ. Тэд тус улсын хоёр мужид томилогдоод байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл Ухань хотод очиж ажиллана гэж Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. Өнгөрсөн сараас эхлэн ДЭМБ-ын төлөөлөгчид халдвар гарсан Хэбуй мужид ажиллаж байгаа ч шинжээчдийн тусламж мөн чухал гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )