Хүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 35 буюу 0,2 хувь нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдсэн байна.
Статистик судалгаанаас үзвэл, хурд хэтрүүлснээс үүдсэн осол 86 хувь, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн осол 3.2 хувь, автомашины бүрэн бус байдлыг хангаагүйгээс үүдсэн осол 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.
Харамсалтай нь, эдгээр ослын улмаас нийт 420 хүн нас барж 3557 хүн гэмтэж бэртэв. Албаныхны зөвлөж буйгаар жолооч эрүүл үедээ хөдөлгөөнд оролцох, машины бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулан зорчих зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадна гэдэг. Гэвч дээрх зүйлсээс шалтгаалахгүйгээр автомашины осол гарч, иргэд эрүүл, мэнд эд хөрөнгөөрөө хохирч байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсний дагуу сэрэмжлүүлэг болгон дараах мэдээллийг бэлтгэлээ.
ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООНЫ ХҮРД ЦООЖЛОГДДОГ
Монгол Улс нийт 847.414 суудлын автомашинтай ба эдгээрийн 60 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Харин энэ онд хилээр орж ирсэн автомашины тоо өнгөрөгч оныхоос 61 хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Импортын автомашинуудын 90 хувийг Японоос авчирдаг ба энэ онд тус улсаас оруулж ирсэн автомашины тоо 27 хувиар нэмэгджээ.
Харин иргэдийн дунд автомашины худалдаа эрхлэгчид буюу бидний ярьдгаар зарим ченжүүд гадаадад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирэн, вьетнам авто засварт өгч янзлуулсны дараа зардаг гэх мэдээлэл байна. Тодруулбал, авто машин худалдаалдаг зарим ченжүүд Японд осолд орсон, ашиглах боломжгүй болсон машинуудыг интернэт худалдаа ашиглан, хямд үнээр авч, Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт өгөн янзлуулж, бичиг баримтыг нь өөрчлөн, "Япондоо явж байсан, асуудалгүй машин" хэмээн өндөр үнээр худалддаг ажээ.
Энэ талаар гаалийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгээгүй ба өдөртөө дунджаар дөрвөн чингэлэг гаалийн хяналтын бүсэд буудаг гэх мэдээлэл олдов. Өмнө нь эвдэрхий автомашинууд харьцангуй бага орж ирдэг байсан ч сүүлийн гурван жилд эвдрэлтэй машин олноор оруулж ирэх болсон байна. Чингэлэгээс буулгасан зарим машинууд өөрөө явах боломжгүй учир ачигч машинаар засварын газрууд руу зөөдөг. Автомашины маркийн хувьд ихэвчлэн Тоёота Приус, Хареер, Хонда гэх мэт машинууд байдаг ажээ.
ЭВДРЭЛТЭЙ МАШИНЫ БИЧИГ БАРИМТЫГ ӨӨРЧИЛЖ, ХУДАЛДДАГ
Ийнхүү эвдрэлтэй автомашин худалддаг нэр бүхий 3-4 компани байдаг гэх ба эдгээр компаниудын оруулж ирсэн машиныг засдаг тсугайлсан вьетнам засвартай болох хүртлээ өргөжсөн гэдгийг мэдээлэл цуглуулах явцдаа олж мэдсэн юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн засварын газарт иргэний хувиар очиж зарим зүйлийг сонирхсон юм.
Засварчин бололтой вьетнам эрээс Японоос дөнгөж оруулж ирсэн машин хэдээр засах тухай асуутал ямар асуудалтай талаар лавлаад, "Эвдрэлийг харж байж болно. Үнийн хувьд манай дарга хэлнэ, гэхдээ одоогоор эзэнгүй байна" гэж хариулсан юм.
Түүний хэлж байгаагаар, Японоос орж ирсэн эвдрэлтэй машинууд ихэвчлэн жолоодлогын тохиргоо алдагдсан, цахилгааны гэмтэлтэй, аюулгүйн дэр задарсан байдгаас гадна цөмөрч, чихэгдсэн байдаг ажээ.
Харин эдгээр машиныг импортоор оруулж ирж буй газрууд зарим тохиолдолд зөвхөн гадна талын харагдах байдлыг засуулдаг гэнэ.
Өнгөрөгч есдүгээр сард гэхэд Тоёота Приус-20 маркийн хоёр ч машин шалтгаангүйгээр шатсан хэрэг гарсан. Харин энэ машины эзэд худалдаж аваад удаагүй байсан гэх мэдээллийг өгсөн байдаг. Галын шалтгааныг тогтооход гаднын нөлөөгүй, цахилгааны холбоо үүссэнээс үүдсэн гэх нь бий. Мөн түүнчлэн чулуун зам дээр Приус автомашинтай иргэдийн дунд хурдтай явах үед жолооны хүрд цоожлогддог тухай мэдээлэл байдаг ба жолооч нарын хэлж буйгаар эвдрэлтэй машин ингэж цоожлогддог гэх.
Манай улс техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг талаар хүмүүс ярьдаг. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан дээрх асуудлыг нягталж үзэх, холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалтыг чанаржуулах шаардлага амьдрал бий болсныг сануулж байна.
Тэгэхгүй бол эвдрэлтэй, шаардлага хангаагүй, үнэн нүүр царайг нь нуусан тээврийн хэрэгслээс болж иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.
Сэтгэгдэл ( 7 )
Хил гааль дээр мэргэжлийн хяналт гэж байдаг тэд заавал бичиг баримт дээр гарын үсэг зурж байж оруулдаг тэд хахууль аваад зурж өгдөг. Мөн бичиг баримт номер дугаар авахад авто тээврийн газрынхан л оролцоотой. АТГ шалгалт орчихсон байхад хүртэл азын дугаарыг авах юмаа аваад олгож байсан хүмүүс гүү дээ
сайхан шаах юм аа. юугаа ч мэдэхгшй сэтгүүлч ээ
Galiihand naidalt baihgui l dee sayhan avligatai temtseh gazraas olon niited uzuulsen bichlegiig uzeeree humuusee yaj heel hahuul avdgiig ni odoo bur l arga ni nariisah bhdaa er ni mongoliin darga nertei guzee nuuded nadaltgui gedgiig bugd l medej bgaa bailgui dee
Gaali oruulahaa l bolichihmoor baina shuu dee, suuliin jiluuded australia ulsaas dan hog orj irj baigaa. Humuus heleed baihad l itgehgui avaad l yavdag. Mongol uls oruulahaa l bolimoor baina.
gaaliin talbai deer baij baihad containeruudaas hun aimaar l yumnuud gargaad achihiig ni achaad chirehiig ni chireed l yavdag shuu dee. evderhii, huuchin mashin nertei tomriin hognuudiig importloh asuudliig nen darui shiidevhgui bol Bolohoo bailaa daa deedesuud mini
Нямдорж гуйн цагдаа энэ байдлын хаагуур явдаг юм болоо. Сэтгэлгүй сайд дарга нарыг халж, сэтгэлтэй хүнийг ажиллуулая. Гаалийн байгууллага эвдрэлтэй машины талаарх мэдээллийг цагдаад өгч байя.
Гааль маш муу ажиллаж байна даа арай ч дэээ