ДЭЛХИЙН ТОЙМ: Сирид нөхцөл байдал дахин хурцадлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Сири дэх террористууд Оросын Хмеймим агаарын цэргийн бааз руу өнгөрсөн ням гарагийн орой дайрах гэж оролджээ. Тэд гурван нисгэгчгүй аппарат ашиглан довтлох гэснийг агаарын довтолгооноос хамгаалах суурин системээр илрүүлж устгасан бөгөөд ямар ч хохирол учраагүй гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Үүнээс гадна террористууд сүүлийн өдрүүдэд Идлиб дэх хурцадмал байдлыг намжаасан бүсэд Сирийн Засгийн газрын цэргүүдийн байрлал руу хэд хэдэн томоохон дайралтыг зохион байгуулсан байна. Тэд нэгдүгээр сарын 16-наас хойш 15-аас илүү удаа дайрч, суурин газрууд руу 250 гаруй удаа бууджээ. Эдгээр халдлагын золиос нь Сирийн 47 цэргийн алба хаагч, 51 энгийн иргэн байсан бөгөөд 190 гаруй хүн шархадсан байна. Тус бүс нутагт 2019 оны тавдугаар сараас хойш ийм хурцадмал байдал үүсээгүй талаар Оросын Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгджээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар нисгэгчгүй аппаратыг агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл устгажээ. Мэдээлэлд “Холын зайнаас Оросын цэргийн бааз руу зүүн хойд зүгээс нь гурван жижиг нисгэгчгүй аппарат ойртож байгаа нь илэрсэн. Оросын цэргийн баазын агаарын довтолгооноос хамгаалах систем дайралтыг аюулгүй зайд устгалаа. Хүний амь эрсдээгүй, эд материалын хохирол гараагүй” гэсэн байна. Мөн террористууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Идлиб муж дахь хурцадмал байдалгүй бүсэд Сирийн цэргүүд рүү хэд хэдэн удаа томоохон дайралт хийснийг Дайсагнагч талуудыг эвлэрүүлэн зуучлах төв болон Сири дэх дүрвэгсдийн хөдөлгөөнийг хянах төвөөс мэдээлжээ. Түүнчлэн энэ сарын 18-нд 130 гишүүнтэй зэвсэгт бүлэглэл Гадфа мужаас хүнд пулемёт бүхий пуужинтай Сирийн Засгийн газрын дайчдын хамгаалалтын байр руу дайрсан байна. Их буу, танкны ачаар дайралтыг зогсоожээ. Мөн энэ өдөр 50-70 хүнтэй гурван бүлэг дайчид хүнд зэвсэгтэйгээр Сирийн цэргүүдийн байрлал руу (Кафер-Седжна, Мука, ​​Хербет-Бабулин зэрэг газарт) халдсан байна. Халдлагын үр дүнд тэд анхны байрлал руугаа эргэж, 15 гишүүн нь амь үрэгдэж, 25 нь шархаджээ. Эдгээр довтолгооны улмаас Сирийн зэвсэгт хүчний 10 цэрэг амиа алдаж, 15 нь шархадсан байна.

Идлиб дэх хурцадмал байдал

Идлибийн нутагт хурцадмал байдал хэдэн өдөр үргэлжилж байна. Оросын Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн террористууд хамгийн багадаа 16 удаа Сирийн Засгийн газрын цэргүүдийн байрлал руу дайрч, мөн 250 гаруй удаа хүн амтай суурин руу галлажээ. Эдгээр халдлага, буудлагын улмаас Сирийн 47 цэрэг амиа алдаж, 77 хүн шархадсан байна. Энгийн иргэдээс 51 нь амиа алдаж, 116 хүн шархаджээ. Үүний зэрэгцээ террористууд өөрсдөө хийсэн зэвсгийн оронд НАТО-гийн орнуудын ердийн зэвсгийг ашиглаж эхэлсэн гэнэ. “Өмнө нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүд ихэвчлэн өөрсдөө хийсэн зэвсэг ашигладаг байсан бол одоо тэд стандартын зэр зэвсгийг идэвхтэй ашиглаж байна” гэж хяналтын төвийн мэдээнд өгүүлжээ.

Энэхүү хурцадмал байдал нь энгийн иргэдийг Идлибээс хэдэн өдрийн турш гарахад хүргээд байна. Тус бүс нутгаас гарах боомтууд энэ сарын 13-нд нээгдсэн ч 16-ны өдрөөс хойш хэн ч уг боомтоор гараагүй аж. Энэ хугацаанд 1.5 мянган хүн, 63 ширхэг техник хэрэгсэл дээрх бүсээс гарч чадсан байна. Нөхцөл байдал өнгөрсөн тавдугаар сараас хойш ингэж хурцдаагүй юм. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мөн энэ сарын 19-ний өглөө Сири дэх байдлыг тэмдэглэсэн газрын зургийг нийтэлжээ. Зураг дээр халдлагуудыг тэмдэглэсэн бөгөөд аль нутаг дэвсгэр нь Засгийн газрын мэдэлд байгаа, аль нь террористуудын гарт байгааг үзүүлжээ. Идлибийн гал зогсоосон бүсийн бараг бүх периметрийн дагуу гал зогсоох дэглэм зөрчигдсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсын зүүн хэсэгт Засгийн газрын хяналтаас гадуур хэд хэдэн террорист халдлага үйлдсэн болохыг баримтаас харж болно. Тэд довтолгооныхоо үеэр хуягт машин ашигладаг аж. Террористууд энэ сарын 17-ны өдөр л гэхэд довтолгооныхоо үеэр зургаан танк, явган цэргийн хуягт машин ашиглажээ. Гэхдээ Сирийн Засгийн газрын хүчнийхэн довтолгоо хийж, хамгаалалтын шугамаа сэргээж чадсан байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар террористууд эзэлсэн нутаг дэвсгэрт хяналтаа хадгалахын тулд Идлибийн бүс нутагт дахин хурцадмал байдлыг өдөөх гэж байна.

Сирийн дайн

Баруун Азид оршдог Сири нь Турк, Ирак, Иордан, Израиль, Ливантай хиллэн оршдог. Баруун талаараа Газрын дундад тэнгист тулна. Энэ улсад 2000-аад онд Сирийн араб, курдийн хооронд мөргөлдөөн болж байв. Сири 2005 онд Ливан дахь цэргээ татжээ. 2006 оны Ливаны дайнд Сири “Хезболла” бүлэглэлийн талд байж, Иранаас явсан тусламжийн ачааг дамжин өнгөрүүлж өгсөн байна. Израиль улс Сирийг террорист байгууллагын үүр гэж үзэж, хэд хэдэн газрыг нь бөмбөгдөж байв. “Арабын хавар” хөдөлгөөний хүрээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг жагсаал хөдөлгөөн 2011 онд өрнөв. Жагсаалыг хүчлэн тарааснаар Сирийн босогчид зэвсэглэн, иргэний дайн болжээ. Сирийн иргэний дайнд “Исламын улс” хэт даврагч бүлэглэл, Курдын босогчид зэрэг сөргөлдөгч талууд нэмэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top