Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 5-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос ирсэн жуулчнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар анх мэдээлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Өнөөдрийн байдлаар /2020.01.22/ дэлхийн зарим улс оронд шинэ коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, есөн хүн нас баржээ. Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг тохиолдол тус тус зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.
Коронавирусийн шинэ төрлийн халдвар нь хүнээс хүнд агаар дуслын замаар халддаг болохыг дэлхий нийтэд зарласан нь анхаарал татаж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2020.01.22/ ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн мэдээлэл өгсөн юм.
БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллага маш шуурхай хариу арга хэмжээ авч, холбогдох мэдээллийг өгч байгааг үнэлж буйгаа ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Сергей Диордица илэрхийлсэн бөгөөд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалах эсэх нь дан эрүүл мэндийн байгууллага биш хувь хүний хариуцлагын асуудал гэдгийг сануулав. Мөн түүнчлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг халдвар гарсан цагаас хойш мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, мэдээллээр хамтран ажиллаж байна.
Өмнө нь дэлхийн нийтэд коронавирусийн зургаан төрлийн вирус бүртгэгдэж байсан. Энэ вирус нь долоо дахь вирус бөгөөд уг вирус титэм хэлбэртэй учраас монголоор титэмт вирус гэж нэрлэжээ. 2003 онд дэлхий нийтийг хамарсан SARS өвчнөөр 8000 гаруй хүн өвчилж, 800 хүн эндэж байсан бол тухайн үед манай оронд есөн хүн бүртгэгдэж хүний амь нас эндэгдэлгүй өнгөрч байсан түүхтэй. Мөн 2014 онд БНСУ-д уушгины хатгаа буюу MERS корона вирус тархаж байсан бөгөөд уг вирус нь Африкийн нэг бөхт тэмээнээс гаралтай өвчин юм. Африкт аялж байхдаа тэмээний сүү ууснаар зөөвөрлөгдөн орж ирсэн өвчлөл байжээ.
“Дэлхий нийтэд бүртгэгдсэн дээрх зургаан төрлийн коронавирус гахай, тахиа, муур, туулай зэрэг олон амьтдаас халдварладаг бол шинэ төрлийн вирусийг далайн гаралтай амьтдаас гаралтай байж магадгүй гэж үзэж байгаа билээ. ДЭМБ-аас титэмт вирусийг шинэ төрлийн вирус байна гэдгийг тогтоосон нь цаашид урьдчилан сэргийлэх вакцин гаргах боломж байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах хэлэв. Хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартыг мөрдөж ажилласан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар авсан гэдэг нь энэ вирус хүчтэй тархалттай гэдгийг нотолж байгаа учраас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.
Мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шуурхай удирдлагын нэгжүүд хамтарч эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг хоёр дахь удаагаа үнэлсний дүнд манай орон дунд зэргийн эрсдэлтэй гэж гарчээ. ДЭМБ-ын Номхон далайн улсаас Шинэ Зеланд хүртэлх улс орон дунд зэргийн эрсдэлтэй, БНХАУ-ын хувьд өндөр эрсдэлтэй, бусад орны хувьд бага эрсдэлтэй гэж тогтоосон. Цагийн байдлаас шалтгаалж эрсдэлийн үнэлгээг дахин хийх юм байна. Дунд зэргийн эрсдэл гэдэг нь манай улс бол БНХАУ-тай олон хилийн боомтоор холбогддог. Ялангуяа Хятад улсаас Буянт-Ухаагийн хилийн боомтоор өдөртөө 300-400, Замын Үүдээр 250-350 хүн зорчиж ирдэг гэсэн тоо баримт бий.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Буянт-Ухаа буюу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Энэтхэг, Хонконг улсаас ирсэн халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэй сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлаж, онош тодруулснаар коронавирусийн халдваргүй гэдгийг тогтоосон. Энэ нь юуг хэлэх гээд байна вэ гэхээр хил гааль дээр хяналт, шалгалтыг чангатгасныг илтгэж байна.
Уханьд суралцдаг 200 гаруй оюутнууд Хятадын цагаан сар болж байгаатай холбогдуулж Монголдоо ирж байгаа учраас тэдгээр оюутанд хяналт, шалгалт тавьж нэвтрүүлж байгаа" талаар мэдээллээ.
ЭМЯ - ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Сэтгэгдэл ( 0 )