Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 5-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос ирсэн жуулчнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн зарим улс оронд шинэ коронавирусийн халдвараар 570 хүн өвчилж, 17 болж хүн нас баржээ. Тэгвэл Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, ОХУ-д хоёр тохиолдол тус тус зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээлээ. Коронавирусийн шинэ төрлийн халдвар нь хүнээс хүнд агаар дуслын замаар халддаг болохыг дэлхий нийтэд зарласан. Албан бус эх сурвалжын мэдээлж буйгаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Дэлхийн зарим улсад тархаад байгаа шинэ төрлийн вирус буюу коронавирусийн тархалтаас сэргийлэх тал дээр ямар ажлуудыг хийж байна вэ?
ДЭМБ-ын албан мэдээллийг тогтмол авч, БНХАУ-ын Ухань хотын эрүүл мэндийн газар болон АНУ-ын өвчин судлалын төв зэрэг холбогдох газруудаас нь цаг тухайд нь мэдээллийг авч шийдвэрлэх байгууллагуудад мэдээллээр хангаж ажиллаж байна. Мөн түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зориулсан цуврал сэрэмжлүүлгийг түгээж, нягт уялдаатай ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шуурхай удирдлагын нэгжүүд хамтарч эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг хоёр дахь удаагаа үнэлсний дүнд манай оронд "дунд" зэргийн эрсдэлтэй гэж гарсан. ДЭМБ-ын Номхон далайн улсаас Шинэ Зеланд хүртэлх улс орон дунд зэргийн эрсдэлтэй, БНХАУ-ын хувьд өндөр эрсдэлтэй, бусад орны хувьд бага эрсдэлтэй гэж тогтоосон. Цагийн байдлаас шалтгаалж эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ.
-Дунд зэргийн эрсдэл гэдэг нь өвчлөл халдварлах магадлалтай гэсэн үг үү?
-Дунд зэргийн эрсдэл гэдэг нь манай улс бол БНХАУ-тай олон хилийн боомтоор холбогддог. Ялангуяа Хятад улсаас Буянт-Ухаагийн хилийн боомтоор өдөртөө 300-400 хүн, Замын Үүдээр 250-350 хүн зорчиж ирдэг гэсэн тоо баримт бий. Замын Үүдэд термокамер ажиллаж, бүх ирж буй зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч байгаа.
-Хил гааль, нисэх онгоцны буудал дээр ямар хяналт шалгалт хийж байгаа вэ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ямар арга хэмжээ авч байна вэ?
-Буянт-Ухаа буюу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Энэтхэг, Хонг-Конг улсаас ирсэн халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэй сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлаж, онош тодруулснаар коронавирусийн халдваргүй гэдгийг тогтоосон. Энэ нь юуг хэлэх гээд байна вэ гэхээр хил гааль дээр хяналт, шалгалтыг чангатгасныг илтгэж байна. Үханьд суралцдаг 200 гаруй оюутнууд Хятадын цагаан сар болж байгаатай холбогдуулж Монголдоо ирж байгаа учраас тэдгээр оюутанд хяналт, шалгалт тавьж нэвтрүүлж байгаа.
-Өчигдрөөс эхлээд энэ өвчлөл хурдацтай тархлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНХАУ-ын Ухань хотод 136 шинэ тохиолдол илэрсэн. Өчигдрийн байдлаар 14 эмнэлгийн ажилтан уг халдварыг авсан нь дэлхий нийтэд айдас төрүүлээд байна?
-Энэ халдвар нь ахуйн хавьтлын замаар халдварлаж байсан боловч агаар дуслын замаар халдварлах эрсдэлтэй байна гэдгийг анхааруулж эхэллээ. Энэ сарын сүүлээр БНХАУ-ын цагаан сарын баяр болно, хоёрдугаар сарын сүүлээр манай оронд цагаан сар болно. Тийм учраас хүмүүсийг амны хаалт зүүх, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх, халдвар гарсан улс орноор зорчихгүй байх, гараа савандаж угаах, гар халдваргүйжүүлэх бодис хэрэглэх, хагас боловсруулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өндгийг угааж, чанаж боловсруулж хэрэглэх, зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж байна. Өндөр халуурах, цээжээр давчдах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагатаа цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.
-Энэ өвчний эсрэг дархлааны вакцин дэлхий нийтэд гараагүй байгаа. Энэ төрлийн вирусээр өвчилсөн хүмүүст ямар эмчилгээ хийгдэж байгаа вэ?
-Үүсгэгч нь тодорхойгүй шинэ төрлийн вирус учраас энэ өвчний эсрэг вакцин одоогоор гараагүй байна. Амьтны гаралтай гэж оношилж байгаа ч яг ямар амьтнаас гэдэг нь тодорхойгүй байна. Үндсэндээ энэ өвчний мэдээлэл гараад удаагүй байгаа учраас дэлхийн эрүүл мэндийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийж байгаа байх гэж бодож байна. Эмчилгээний хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байгаа. ДЭМБ-аас гишүүн орнуудад лабораторын үнэлгээ хийх үнэлгээний асуумж ирсэн. Энэ асуумжаар оношлуур хийж ажиллаж байна.
-Томуугийн дэгдэлт манай оронд маш их байна. Өндөр халуурдаг, цээж давчиддаг зэрэг шинж тэмдгээрээ уг вирустэй андуурагдах айдас ард иргэдийн дунд байгаад байна? Ямар вирусээр үүсгэгдсэнийг хэрхэн оношилж байна вэ?
-Нийслэл хотод 23 харуулан тандалтын нэгж ажиллаж байна. Монгол Улсад сүүлийн үед дэлгэрээд байгаа томуугийн тархалт нь энгийн В коронавирусээр үүсгэгдсэн бөгөөд амьсгалын доод замын буюу уушгины хатгаа, бронхит үүсгэдэг томуу юм. Улирлын томууг коронавирусийн шинэ төрлөөс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Адил шинж тэмдгээр өвчилсөн хүнийг эхний ээлжинд лабораторт шинжилгээ авч вирусийг нь тогтоодог. Хэрэв шаардлагатай бол ДЭМБ-ын лавлагаа лаборатор болох Хонг-Конг, Австрали улс руу илгээж оношийг баталгаажуулахад ДЭМБ тусална.
-Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулаад ард иргэдэд нэмж сэрэмжлүүлэх ямар зөвлөгөө байна вэ?
-Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулж бэлэг сэлт авах гэж урагш хил давахгүй байхыг юун түрүүнд зөвлөмөөр байна. Мөн ахмад настнууд золгохдоо залуус, хүүхдүүдээ үнсэхгүй байх, болж өгвөл мэхийж мэндчилэхийг уриалж байна. Сургуулийн хичээл эхэлсэнтэй холбогдуулж багш нар нь хүүхдүүдээс өглөөний асуумжийг сайн авч, ханиасан, найтаасан, халуурсан хүүхэд байвал гэр рүү нь буцаах шаардлагатай байна. Мөн гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн байнгын хяналтад байлгаж, туулга хийлгэж, хэвийн байна уу гэдгийг нь хянаж байх хэрэгтэй. Нийт иргэд амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа бол өндөр эрсдэлтэй эмч нарыг N95, N3 гэдэг тусгай зориулалтын шүүгчтэй амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )