Х.Нямбаатар: Нөхөн сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт явуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Тавдугаар сараас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Хот, тосгоны статус өөрчлөгдөнө. Аравдугаар сард орон нутгийн сонгууль болоход тосгонуудын асуудлыг хэрхэн тусгах вэ. Одоо багийн статустай байгаа тосгон сумын статустай боллоо гэхэд иргэдийн нийтийн хурлыг нь яаж зохион байгуулах вэ. Сумын түвшинд улс төржилт их байдаг. Сонгуулийн хуулиар улс төржилтийг зогсоох ямар заалт тусгасан бэ. Орон нутагт нэр дэвшигчийг бүртгэхгүй гэх шийд гардаг. Сонгууль болоод дууссаны дараа шүүхээс бүртгэх нь зөв гээд шийдвэр гардаг. Ингээд эцэс төгсгөлгүй маргаан гардаг. Хэн буруутай нь мэдэгддэггүй ийм маргаан олон суманд болдог. Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт хийсэн үү. Орон нутагт нэр дэвшиж байгаа хүмүүст тавих шалгуурыг өндөрсгөх боломж байна уу” хэмээн асуув.

Үүнд Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Орон нутгийн сонгууль нь угтаа улс төрийн сонгууль биш. Нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагаа сонгодог сонгууль байх шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Нэр дэвшигчид 18 нас хүрсэн байх шалгууртай байх зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Мөн найман төрлийн шалгуур хангасан байх ёстой. Нэр дэвшигчийг бүртгээгүй үр дагавар сонгуулийн дараа арилдаг. Шүүхийн шийдвэрээр бусдыг ээлжит сонгуулийн жил гүтгэсэн, хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг бүртгэхээс татгалзана. Өнөөдөр БЗД-т орон нутгийн сонгууль явагдалгүй дөрвөн жил болж байгаа. Шүүхээр шийдэгдээд дахин сонгууль явуулсан ч үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх байдлаар БЗД Засаг даргагүй дөрвөн жил болж байгаа. Тэгэхээр бидний батлуулах гэж байгаа хуулийн гол үзэл баримтлал нь нөхөн, дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт явуулж байх заалтыг оруулж байгаа. Сонгуулийг хүчээр явуулна гэсэн үг. Улс төржилтийг багасгахын тулд сурталчилгааны хугацааг 15 хоног болгон багасгасан. Аль болох намар эрт сонгууль явуулж дуусгая гэдэг зохицуулалттай. Та бид бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Бид энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах асуудлыг хөндөж байгаа. Тэдгээрээс засаг захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг нэн яаралтай хуульчлах шаардлагатай байгаа. Хот, тосгод нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн аль удирдлагуудыг өөртөө шилжүүлж авах вэ гэдэг нь тусдаа асуудал” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.26.206) 2020 оны 01 сарын 23

Дөнгөж сонгогдчихоод Гантулгадчихвал ирэх жил хүртэл хүлээх юм байнаа?! Сонин л санаа байна?!

0  |  0
Top