УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, УИХ-ын тогтоолын 14 төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, УИХ-ын 7 тогтоолыг батлуулсан байна.
Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэн хэллээ. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ.
Үргэлжлүүлэн Оюуны өмчийн тухай хуулийг онцлон дурдав. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн бөгөөд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой уг хуулийг 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан юм.
Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх тунхаглал, пактуудад нэгдэн орсон байдаг бөгөөд 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрхийн талаарх нийтээр хүлээсэн хэм хэмжээг хуульчилж тусгаснаараа хүний эрхийг хамгаалах, дээдлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд Монголын төр томоохон дэвшил гаргасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зүй ёсны шаардлагууд урган гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгааг тэрбээр дурдлаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэж зэрэг зөвлөмжүүд гардаг. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэв.
Үргэлжлүүлэн Х.Нямбаатар гишүүн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм. Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулна гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ.
Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтой гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа энэ үеэр дурдсан юм. Дээрх багц хуульд орсон өөрчлөлтүүдээс тэжээн тэтгэх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг Х.Нямбаатар гишүүн онцлон мэдээллээ.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн юм. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ.
Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог