Б.Чанцалдулам: Нууц амрагийн тухай дуу дууллаа гээд нууц амрагтай гэсэн үг биш

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Бүсгүй хүний уяхан хоолой бүлээн орчлонг бүтэн болгодог билээ. “Учрал холын чамтайгаа”, “Ижийдээ ирлээ”, “Дууланхан хүлээе”, “Хөөрхөн л юм чинь”, “Гомдох эрхгүй” зэрэг олон дуугаараа олны хайр, талархлыг хүлээж яваа уянгалаг хоолойтой үзэсгэлэнт дуучин бүсгүй бол СТА Б.Чанцалдулам. хөдөлмөрч, дайчин, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой уран бүтээлч бүсгүйтэй түүний уран бүтээл болоод дотоод сэтгэлийнх нь өнгийг уудланхан ярилцсан юм.

-Юуны өмнө бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Манайх Эрдэнэт хотод гэрт амьдардаг байсан. Хашаандаа тахиатай, үнээтэй айл байлаа. Тахианы хашаанаас өндөг авах гээд чаддаггүй байснаа санадаг юм /инээв/. Тугалаа хариулж явахдаа ганцаараа чанга дуулаад л явдаг байлаа. Бас гэртээ гэрийнхээ хөшигний араас гэнэт гарч ирж өөрийгөө зарлаад дуулдаг хүүхэд байсан. Ээж маань намайг их сэргэлэн, адтай охин байсан гэдэг юм. Цэцэрлэг, сургуульд байхаас эхлээд л урлаг соёлын арга хэмжээнд байнга ордог байлаа. Цэцэрлэгт байхдаа өдөр унтах дургүй байсан болохоор урлагийн зааланд ороод суучихдаг байсан. Аав минь намайг сэтгүүлч болгоно гэдэг байсан боловч намайг наймдугаар ангид байхад бурхан болсон. Айлын том хүүхэд байсан болохоор хоёр дүүгээ хараад нэг хэсэг дуулаагүй л дээ. Хагас жилийн дараа уралдаан тэмцээнд орж түрүүлээд сэтгэл маань дахин сэргэх урам зориг өгсөн л дөө. Бушуухан л дуучин болъё гэж яараад л ес, аравдугаар ангиа давхар сурч төгсөөд 2005 онд Соёл урлагийн их сургуульд орж, оюутан болж байлаа. Айлын том болохоор хүмүүстэй эв зүйгээ олоод, бие даах чадвартай оюутан байсан. Миний багш, гавьяат  жүжигчин Ц.Чулуунцэцэг Өвөрмонгол руу зуны амралтаар гэрээгээр уртын дуучнаар ажиллуулахаар явуулж байлаа шүү дээ. Төгсөтлөө өвөл, зуны амралтаараа гэрээгээр тэндээ ажилладаг байв. Тэр мөнгөөрөө сургалтын төлбөрөө хийгээд, хоёр дүүдээ хувцас хунар, хичээлийн хэрэгслийг нь бэлдээд, гурвууланд нь гар утас авч өгч байлаа шүү дээ. Тэр үед ээж минь “Миний охин овоо шүү дээ. Том болж байгаа юм байна” гэж хэлж байсан.

-Анхны уран бүтээл гэдэг мартагдашгүй байдаг даа?

-Өвөрмонголд ажиллаж байхдаа гэрээ их санадаг байсан. Тэгээд ээждээ зориулж шүлэг зохиогоод урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багшид үзүүлэхэд сайхан аялгуу хийж өгсөн. Ингэж “Ээждээ” гэдэг анхны уран бүтээлээ өлгийдөн авч, өөрөө дуулсан түүхтэй. Дуугаа дүрсжүүлэхдээ ээжийгээ, эмээгээ оролцуулж уран бүтээлдээ мөнхөлж чадсан.

 

-Өнгөрсөн хугацаанд тасралтгүй уран бүтээл дээрээ ажиллав уу, хэдэн уран бүтээлтэй болсон байна вэ?

-Оюутан байх цагаасаа эхлээд уран бүтээлдээ анхаарч дуэт болон бие даасан уран бүтээл нийлээд 60-аад дуутай болжээ. Дуэт дуунаас “Насны ганцхан хань”, “Цаг сэлгээтэй”, “Учрал холын чамтайгаа”, бие даасан уран бүтээлээс “Ижийдээ ирлээ”, “Дууланхан хүлээе”, “Хөөрхөн л юм чинь”, “Гомдох эрхгүй” дуунуудыг маань хүмүүс нэлээд мэддэг болжээ. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, залуу нас, цаг хугацаа эргэж олдохгүй учраас дуу бүрээ тухай бүрд нь дүрсжүүлэхийг хичээдэг. Мөн кино концертод өөр зохиомжоор оруулахыг зорьдог. Энэ дундаас “Ижийдээ ирлээ” дууг яг эзнээ олжээ гэж олон хүнээс сонссон. Ялангуяа дуучид, уран бүтээлчид, найз нөхдөөсөө их сонсож байсан. Энэ дууг маань хөдөө орон нутгийн сонсогчид маань даган дуулах дуртай, хүүхдүүд дууны уралдаанд их дуулдаг болсон байна лээ.

-Хүмүүс “Гомдох эрхгүй” дууг тань их сонсох дуртай байдаг юм байна лээ. Энэ дуугаа дуулах болсон түүхээсээ хуваалцаач?

-Хүмүүсийн ам дамжсан яриа байдаг даа. Үг хүчтэй гэдэг, дуулж байгаа дууныхаа үгийг бодож сонгох хэрэгтэй гэдэг шүү дээ. Манай хүн ч тэгж хэлдэг байсан. Гэхдээ би өөрөө дуулна гэж шийдсэн. Яагаад гэвэл амьдрал олон өнгөтэй. Өнгө бүрийг шингээж яруу найрагч, хөгжмийн зохиолчид мэдэрч дуугаа зохиодог. Дуучид дуулах л ёстой. Нууц амрагийн тухай дуу дууллаа гээд нууц амрагтай гэсэн үг биш. Дуулсан дууг сонсогчид ямар ч цаг үед ямар ч сэтгэл зүйтэй сонсож болно шүү дээ. Гунигласан, догдолсон, дурласан, шаналсан сэтгэлийн бүхий л өнгийг илтгэсэн дуу төрж байж хүмүүний сэтгэл өөрөө хөглөгдөнө, тайтгарна, урамшина, сэргэнэ бас үл мэдэг гуниглана.

 

-Таны гэр бүлийн хүн адилхан урлагийн хүн. Бие биеэ анх хэрхэн харж, ойлгож, танилцаж, дотносож байв?

-Соёл урлагийн их сургуульд манай ангид урлагийн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, А.Анхбаяр, Л.Солонго, Л.Сүхбаатар тэргүүтэй олон оюутнууд сурдаг байсан. Анхбаяр 13 наснаасаа цэргийн ангид үлээвэр хөгжим тоглодог, давхар ахлах ахлагч цолтой ажиллаж байгаад мэргэжлийн дуучин болохоор шийдээд ирсэн. Ирэнгүүтээ ангийн дарга болчихов оо. Тэгснээ намайг санхүүгийн даргаар авчихав аа. Тэгээд л “найрах” төлөвлөгөө эхэлсэн юм даг уу даа. Эмэгтэй хүн л юм чинь эхний нэг жил гүйлгэсээн, гүйлгэсэн. Хоёр дахь жилээсээ сэтгэл зөөлөрч, нэг л мэдэхэд дасчихсан байсан. Манай хүн өөртөө дэндүү итгэлтэй, жигтэйхэн солонгос стильтэй, сортой үстэй, коббей гуталтай, судалтай костьюмтой содон амьтан л явдаг байлаа. Би чинь нүүрээ будаж сураагүй, жинсэн өмд, пүүз өмсдөг л охин байлаа. Анхаа “Чиний төлөө бүхнийг хийнэ” гээд л Сансрын тунель дээрээс үсэрч үзээд л, автобусны өмнүүр гүйж үзээд л, оюутны байрны гадаа хонож үзээд л байхаар чинь эмэгтэй хүн бууж өгөхгүй гээд ч яах вэ /инээв/

-Хэдэн тоглолт хийсэн байна вэ, дараагийн тоглолт хэзээ вэ?

-Анхаатайгаа 2013, 2016 онд хамтарсан тоглолтуудаа хийж байсан. 2019 онд “Мөрөөдлийн жигүүр” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн. Аялан тоглолтын тухайд 21 аймгийнхаа бүх сумаар орсон шүү. Давхардсан тоогоор 400 гаруй тоглолт хийсэн байна шүү. Аялан тоглолтоор явахад дуулахаас гадна их юм сурдаг. Хөтөлж сурна, тайзан дээр ярьж сурна, хөгжмөө зөв тавьж сурна, давхар дуучдаа сургаж авч явна, менежментээ хийж сурна. Монгол орныхоо байгалийн сайхныг үзэж аялангаа авч явж буй хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж сурна. Хүссэн хүсээгүй л амьдралын ухаанд сургадаг даа. Нууц гэвэл ирэх хавар тоглолтоо хийхээр төлөвлөөд ажлаа эхэлсэн байгаа шүү. Бас манай хүн ая зохиодог. Хүмүүс “Аархал” дуугаар нь мэддэг болсон байх. Энэ ондоо багтаад зохиосон дуугаараа тоглолт хий гэж би сануулаад л байгаа /инээв/.

-Таны бие даасан тоглолт бусдаас өвөрмөц санагдсан шүү. Яагаад мюзикл хэлбэрээр тоглохоор шийдсэн бэ?

-Ер нь багаасаа л мөрөөддөг байсан тоглолтын хэлбэр бол мюзикл байсан. Соёлын тэргүүний ажилтан Ц.Батнайрамдал найруулагчтайгаа ярилцаж байгаад мөрөөдлөө биелүүлсэн. Мюзикл тоглолтын онцлог нь дуучнаас дуулахаас илүү жүжиглэх чадвар, мэдрэмж, хурд шаарддаг, тоглолтыг илүү сонирхолтой болгодог. Тайзан дээр надаас гадна бүжигчид, жүжигчид нийлсэн 80 гаруй уран бүтээлчид оролцсон. Үүнд үндэсний, цэнгээнт, орчин үеийн бүжгийн хамтлагууд, мюзиклын ангийн оюутнууд, дуучид, жүжигчид багтсан. Өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Монголд бие даасан уран бүтээлчдээс гавьяат жүжигчин Б.Сарантуяа анх удаа мюзикл хэлбэрээр тоглолтоо хийж байсан. Дараагийн тоглолт нь нийтийн дуучдаас анх удаа миний тоглолт болсноороо залуу уран бүтээлчийн хувьд бахархдаг.

-Уран бүтээлч хүн ямар эрхэм чанартай байх ёстой гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүн нэгдүгээрт тууштай, дайчин, хоёрдугаарт бүтээлч, эрэлч хайгуулч байх хэрэгтэй байх гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Сайхан дуучин болно доо гэж боддог байсан хүмүүс амьдралын аливаа бэрхшээлд халшраад зорилгоосоо няцсан байгаа харагддаг. Миний хувьд таван настай байхаасаа л дуучин болно гэсэн зорилгоосоо ухраагүй, урлагт хайртай, дуугүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй байсан минь л одоо болтол намайг урлагт хөтөлж яваа байх. Бас дээр нь ар гэрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Манай гэр бүл хоёулаа урлагийн хүн учраас ээж минь арын албыг маш сайн даадаг шүү.

-Олны нүдэн дээр байдаг хүмүүсийг шүүмжлэл тойрохгүй дайрч гардаг. Та хэр шүүмжлүүлж байсан бэ, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Нэг их шүүмж сонсож байгаагүй. Дандаа хүмүүс сайн сайхан үгээр урамшуулдаг болохоор харин ч би баяртай байдаг. Тэр сайхан хүндлэл, магтаалд нь багтаж явахыг хичээдэг.

-Уучлаарай, та хоёрыг тусдаа амьдарч байгаа гэсэн сураг сонсоод тэрийг л асуух гээд тойроод байна л даа?

-Юу гэж дээ. Ам зөрөхгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Ажлын шаардлагаар олны анхааралд байдаг учраас л хувийн амьдралыг хүмүүс дэлгэх гээд байдаг. Гэхдээ бид хоёр хувийн амьдралаа ярих дургүй. “Олгой хагаравч тогоон дотроо” гэж ардын мэргэн үг байдаг даа. Ер нь олны танил хүмүүсийг хоорондоо эвтэй байх орон зайг нь үлдээх хэрэгтэй. Бид хоёрт тийм зүйл байхгүй ээ.

 

-Урлагийн хүн тун завгүй байдаг. Завтай үедээ ээж хүн гэртээ нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Урлагийн ажил бол тогтсон цаггүй. Хэзээ ч, хаашаа ч явж магадгүй. Гэртээ байгаа үедээ хүүтэйгээ байх дуртай. Өглөөд сургууль руу алхахдаа ярилцана, тараад алхахдаа өдөр юу болсон талаар нь асууна. Кофе шопт орж хүүтэйгээ ярилцана. Ер нь л их эрхэлж, ярилцах дуртай. Хүү маань намайг эрхлүүлнэ. Цэцэрлэгээс эхлээд дуулаад байгаа. Урлагийн л хүн болох юм шиг байна. Бид хоёр одоохондоо сонирхолтой байгаа бүх дугуйлан, сургалтад хамруулж үзэж байгаа. Тэгээд өөрийгөө олох байлгүй дээ. Эмэгтэй хүн л юм чинь дээл хувцсаа өөрөө урлах дуртай. 

-Та хувь хүн талаасаа ямар зан араншинтай хүн юм бол?

-Би их эрх, уйламтхай, сэтгэл хөдлөлтэй болохоор амьдралд яана даа л гэж боддог байсан чинь цагаа тулахаар их л тэвчээртэй, чанга хүн юм байна лээ. Дараа нь л тэр үед тэвчиж гарсан минь зөв байж дээ гэж бодогдох ч үе бий шүү.

 

-Эмэгтэй хүний хувьд монгол эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж боддог вэ, юунд эмзэглэж явдаг вэ?

-Саяхан Архангай аймагт арван жилийн 250 гаруй охидод яриа хийсэн л дээ. Өөрийнхөө урлагийн замнал болон эмэгтэй хүн ямар байх ёстой талаар зөндөө зүйл ярилцсан. Тэр ярианаас олон охид өөртөө итгэлтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан байна лээ. Би юу ч бэлдээгүй, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө, үнэнээрээ, байгаагаараа л байхыг хичээсэн. Охид, эмэгтэйчүүд маань ажил мэргэжил дээр мэдээж өөртөө итгэлтэй, өөртөө хайртай байх хэрэгтэй. Амьдрал зохиоход тэвчээр маш их хэрэгтэй. Юманд өнгөцхөн, хөнгөн битгий хандаасай гэж хүсдэг. Урлагийн хүн гэдэг утгаараа олон нийтийн сүлжээндээ хувийн амьдрал, сэтгэл хөдлөлөө хэзээ ч дэлгэдэггүй. Үргэлж гэгээлэг, өөдрөг зүйл бичиж оруулдаг нь хүмүүст урам зориг, эрч хүч хайрладаг. Ялангуяа биднийг охид их даган дуурайдаг учраас монгол үндэсний дээл, хувцсаа байнга өмсөхийг хичээдэг. Мэдээж хорт зуршил муухай. Гэхдээ хувь хүн бүхэнд нөлөөлөх боломжгүй учраас тэр бол өөрсдийнх нь сонголт. Гэхдээ би битгий хэрэглээсэй л, зөв дадал хэвшилтэй байгаасай гэж боддог. Дээр нь охид эмэгтэйчүүд маань элдэв, аар саар хов жив, хэрэгцээгүй мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сураасай гэж боддог. Найзаа зөв сонгож найзлах хэрэгтэй. Хэрвээ найз бол найздаа сайнаар нөлөөлдөг байх хэрэгтэй.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бие даасан уран бүтээлээ түлхүү хийсэн. Тийм ч болохоор зарим хүмүүс өөр төрлийн таамаг дэвшүүлсэн байж магадгүй. Би бол өөрөө өөрийнхөө хийхийг хүссэн бүтээлээ эрх чөлөөтэйгөөр хийдэг. Анхаа ч бас дэмждэг. Бид хоёр хайрын дуу дуулахаас гадна Өвөрмонгол, Халимаг, Казак үндэстний дуунуудыг сонгож дуулж монгол туургатнаараа аялан тоглох том зорилго тээж ирсэн. Мөн хуучны сэтгэлд хоногшсон алтан үеийн дуунуудыг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр дуулсан, түүнийгээ ч үргэлжлүүлэн дуулах болно. Одоо бол хамтарсан тоглолтын дуунууд дээр ажиллаж байна. Эхнээсээ цацагдаад эхэлсэн. Ярианыхаа эхэнд ч дурдсан шиг хүний сэтгэлийг хөглөсөн, догдлуулсан, дэгэлзүүлсэн бүсгүй хүний нандин чанар шингэсэн олон сайхан уран бүтээлүүдийг сонгож та бүхэндээ хүргэх болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.66.67) 2021 оны 06 сарын 16

хүнд ухааныг нэгл хэмжээгээр нэг л удаа заяадаг,дараа нь дадплага туршлага л нэмэгдэнэ үү гэхээс ухаанд мэдээж өөрчлөлт орохгүй.чанцалдулам их ухаалаг зөв сэтгэхүйтэй ,дээр нь зөв хүмүүжилтэй бүсгүй байна.Нэгэнт л амьдралаа сонгож зохиосон бол голомтоо хайрлаж хамгаалж явах нь зөв.санал зөрөхөд буруутаад байх зүйлгүй,шийдлээ хамтарч гаргах хэрэгтэй.Ямарч бартаагүй хоолойтой төрсөн учир түүртэх юм байхгүй л дээ.Амжилт хүсье.Анхбаяр сайн хүү.

0  |  0
Гра(95.223.58.209) 2020 оны 01 сарын 26

Дуучин Баясгалан, Бурмаа, түмэн Өлзий өөр хэн ч билээ зохиолын дуучин хүүхнүүдийн яриаг нь сонсохоос ичиж үхмээр.Зохиолын дуучин хүүхнүүд боловсрол муутай юм шиг санагддаг.Зүгээр л хөөрхийс нутаг ус гол ус ээж аав авгай нөхрийн дуу дуулаад л аж ахуйтайга зууралдсаар байгаад өөрийгөө аваад явчдым шиг байгаан.

1  |  0
дээгий(203.91.115.50) 2020 оны 01 сарын 24

сайхан дуучин санагддаг дууланхан хүлээе дууг их гоё дуулдаг шүү. ардын дуу дуулахаар заяагдсан гоё хоолойтой. телевизээр нэг удаа ярилцлага өгч байхдаа дээл хувцас хүртэл оёдог гэдгийг сонсоод их үнэлж байлаа. амжилт хүсье дүүдээ. эгч хүний хувьд нэг уулзаж ярих юмсан гэж боддог.даанч утас энэ тэрийг нь мэдэхгүй юм.

1  |  0
zochin(122.201.26.172) 2020 оны 01 сарын 24

tahianii tarhi tai zohioliin duuchid zalhmaar gj\n

0  |  0
Top