АНУ-ын Калифорноос ирсэн нэгэн аймшигт мэдээ дэлхийн спорт сонирхогчдыг шоконд орууллаа. Спорт сонирхогчид төдийгүй хүн болгоныг гэж хэлэхэд ч болох юм.
Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. Түүнтэй хамт 13 настай охин нь амь үрэгдсэн байна. Жианна охин сагсан бөмбөгч болохоор хичээллэж байлаа.
Ослоос ганцхан хоногийн өмнө "Лос-Анжелес Лейкерс” багийн Леброн Жеймс "Филадельфи”-тэй хийсэн тоглолтод 29 оноо авч, лигийн “Бүх цаг үеийн мэргэн бууч”-ийн жагсаалтын 3-т бичигдэн, Кобиг дөрөвдүгээр байрт буулгасан билээ.
Коби “Леброн сагсан бөмбөгийн хөгжлийг урагшлуулсан хэвээр байна. Дүүдээ баяр хүргэе” гэж твиттертээ бичиж байсан юм.
Энэ жиргээ түүний сүүлийн захиа болсон юм.
Кобигийн сууж явсан нисдэг тэрэг Калабасасын ойролцоо уул мөргөн осолдож, нисдэг тэргэнд байсан таван хүн бүгд амь үрэгдсэн байна.
Итгэхэд хэцүү байна. Түүнийг нас барсан гэдгийг хүлээж авахад бүр ч хэцүү. Гэхдээ сагсан бөмбөгийн домог Коби биднээс хагацан одлоо. Тэр дөнгөж 41 настай байлаа.
Брайант сагсан бөмбөгийн гэр бүлд төрж өссөн. Бага нас нь Италид өнгөрсөн ч түүний агуу замнал НБА-д өрнөсөн. Дунд сургуулийн ширээнээс л шууд дээд лигт шилжсэн Коби “Лейкерс”-т 20 жил (1996-2016) тоглосон юм. Энэ бол тэр үед нэг багт дараалан тоглосон рекорд амжилт байлаа. Өнгөрсөн жил энэ рекордыг Дирк Новицки 21 улирал болгон эвдсэн ч Кобигийн бусад олон амжилтыг хэн ч эвдэж чадаагүй хэвээр мөнхөрлөө.
ОСЛЫН БИЧЛЭГ
Зодог тайлахаасаа өмнө л тэр домог болсон байв.
“Авьяаслаг хүн бүх юманд авьяастай байдаг” гэсэн үг бий. Коби 2018 онд шилдэг хүүхэлдэйн киногоор “Оскар”-ын шагнал хүртэж байлаа.
Энэ киног Кобигийн зохиосон шүлгээр хийсэн юм. “Dear Basketball” нэртэй кино. Коби сагсан бөмбөгөөр амьдарч байсан. Тэр энэ спортыг хөгжүүлсэн. Харин сагсан бөмбөг түүнийг дэлхийн агуу тамирчдын тоонд оруулсан билээ.
Агуу тамирчид ч гэсэн ингээд гэнэт яваад өгөх нь бий.
Коби, баяртай! Чи бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
Сэтгэгдэл ( 5 )