ШИНЭН Хөгжлийн банкны 236 тэрбум төгрөгийг нэн даруй төлүүлэхийг шаардлаа

2020 оны 01 сарын 27

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр /2020.01.27/ ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд Төмрийн хүдрийн экспортын байдал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ҮХГ-ын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга О.Мөнхтөр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Содбаяр, Б.Шүрэнцэцэг нарын мэдээллийг сонссон юм. 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кю Эс Си” ХХК-тай Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн Уул уурхайн, металлургын цогцолбор байгуулах концессын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр зургаан үндсэн ажлыг гүйцэтгэн, төслийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үндэсний нэмүү өртөг бүтээх үүргийг “Кю Эс Си” ХХК Монголын төр, ард түмний өмнө хүлээсэн. Гэрээнд “Хустай, Төмөртолгой, Төмөртэйн гурван бүлэг төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 3 сая тн төмрийн хүдэр олборлон, нойтон баяжуулах үйлдвэр байгуулж, 1,5 сая тн баяжмал гарган, дараачийн шатны боловсруулалт руу нийлүүлэхээр заасан. Гэвч Төмөртэйн орд дээр жилд 2,4 сая тн төмрийн хүдэр олборлож, хуурай бяжуулалт хийх үйлдвэрийн дамжлага байгуулан, БНХАУ руу шууд экспортолж эхэлсэн.

Нойтон баяжуулах үйлдвэр байгуулах ажил орхигдсон. Үүнээс гадна жилд 500 мянган тонноос доошгүй шууд ангижруулсан төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх металлургын үйлдвэрийг 2018 оны 4-р сард багтаан байгуулах гэрээний заалт чогт биелэгдээгүй байна. Гүйцэтгэгч “Кю Эс Си” ХХК нь тус төслийг 30 жилийн хугацаанд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтаа нөхөж авах заалттай ч 33 км төмөр зам барьсан 212,7 тэрбум, авто зам барьсан 95,2 тэрбум төгрөгийг 2016 онд улсын төсвөөс буцаагаад авсан байна. Иймд УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс Засгийн газарт стратегийн ач холбогдол бүхий энэхүү төслийн Концессын гэрээний биелэлтийг бүрэн хангуулах талаар шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Хөтөл” цемент, шохойн үйлдвэрийн хувьчлал. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын газрын дарга Ц.Баяр-Эрдэнийн мэдээллийг сонслоо.

2011 оны эхээр Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК болон Худалдаа хөгжлийн банкны охни компани болох “Бэйзмент” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. 2012 оны сүүлээр “Бэйзмент” ХХК нь цементийн үйлдвэрлэлийг хуурай аргад шилжүүлэн, хүчин чадлыг нь жилд нэг сая тн хүргэж өргөтгөх, ил уурхай, автотээврийн цогцолбор байгуулах менежментийн хувьчлал хийх нэрээр Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авсан байдаг. Үүнээс жил хагасын дараа буюу 2014 оны 5 дугаар сард “Цемент шохой” компанид хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. 2015 онд Засгийн газар 330 дугаар тогтоол гаргаж, “Хөтөл” цемент шохой ТӨХК-ийг хувьчлахаар шийдвэрлэв.

Ийнхүү төрөөс авсан мөнгөөрөө үйлдвэрийг өргөтгөн, шинэчилж байгаад хувьчлаад авчихсан түүхтэй. Тэгэхдээ маш хямд буюу 1,38 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан байдаг. Хувьчилснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа сайжирсангүй, ажилчдаа олноор нь хоморголон халсан. Өрнүүд ч хуримтлагдсан. Иймд тус үйлдвэрт яаралтай онц байдал тогтоон чөлөөлж, улсын мэдэлд авч, халагдсан ажилчдыг буцаан авч, ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөн олгож, үйлдвэртээ олон жил ажилласан туршлагатай ажилчдаа дэвшүүлэн ажиллуулж, НДҮ-ийн 5,3 тэрбум, татварын 13.9 тэрбум, Хөгжлийн банкны 236 тэрбум төгрөгийг нэн даруй төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгох шаардлагыг ШИНЭ намын зөвлөлөөс тавилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аэж(59.153.115.52) 2020 оны 01 сарын 27

За яшиг яшиг

0  |  0
Top