УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн ээлжит хурлаараа Төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл авах зорилгоор УЕП-ын орлогч М.Чинбат, Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар, ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Болд, АТГ-ын мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэр зэрэг холбогдох албаны хүмүүсийг зочноор урьж, санал солилцсон байна.
Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч ШИНЭ намын дэд дарга Ц.Баттуяа "Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хуулиар зохицуулагдаагүй, орхигдсон харилцаанууд байгааг анхаарах ёстой. Ялангуяа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр. Түүнчлэн УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн тангараг нь зөвхөн тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаанд үйлчлэхээр байгаа нь учир дутагдалтай. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд буюу ҮАБЗ-ийн гишүүд нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын талаарх онц чухал, маш нууц мэдээллүүдтэй танилцдаг бөгөөд тэдгээр мэдээллээ хувийн болон бусад зорилгоор ашиглахыг үгүйсгэхгүй юм. Иймд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцаж байсан этгээд төрийн өндөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа түүнд юу хийхийг хориглох, хязгаарлах эсхүл зөвшөөрөх талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх үүднээс ШИНЭ намын зөвлөлөөс энэхүү хуулийн төслийг санаачилж байна" гэлээ.
Иймд ШИНЭ намын зөвлөл хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих бөгөөд энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төсөлд төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 10 жилийн хугацаанд гадаад орон уруу 30 хоногоос дээш хугацаагаар зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр зорчих; гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших; гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагаар эсхүл гүйцэтгэх удирдлагын багт ажиллахыг хориглосон заалтуудыг тусгасан байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан болон хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд нь гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагаар эсхүл гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаа бол хуульд заасан журмын дагуу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Zov xuuliin sanaag orgon barij baina.Demjij baina.Erxiig ni xyazgaarlaad ogvol ni uls tord ulairaad xorxoisood zytgeed baigaa luivarchinguud uls toroos oorsdoo zailtsgaax bolno.
Zov xuuliin sanaag orgon barij baina.Demjij baina.Erxiig ni xyazgaarlaad ogvol ni uls tord ulairaad xorxoisood zytgeed baigaa luivarchinguud uls toroos oorsdoo zailtsgaax bolno.