СУРВАЛЖИЛГА: Улирлын томууны дэгдэлт 50 хувь буурчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Дэлхий нийтээр аюул заналхийлж буй шинэ төрлийн коронавирусийн халдвар, тархалт улам өргөжин тэлж буй энэ үед дүүргийн эмнэлгүүд хэрхэн ажиллаж буй талаар сурвалжлав. Эмч нарын аюулгүй байдал хэрхэн хангагдаж, аймшигт вируст бэлэн  байна уу гэдгийг асуухад эмч нар ДЭМБ болон ЭМЯ-аас өгсөн мөрдлөг, заавар, зөвлөгөө, зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа талаар мэдэгдэв. Бодит байдал дээрх дүр зураг, болсон үйл явдлыг сийрүүлэв.
 

Баянгол: Халуунтай хүмүүсийг тусгаарлах өрөө бэлтгэжээ

Ажлын эхний өдөр болоод ч тэр үү Баянгол дүүргийн эмнэлэгт хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Эмнэлгээс үйлчлүүлэгчдэдээ амны хаалт, нэг удаагийн улавч өмсөж үйлчлүүлэх шаардлагыг  тавьж байв. Амны хаалтын хүрэлцээ хангалттай бус байгаагаас үүдэн нэг үйлчлүүлэгчид хоёр амны хаалт олгоно гэсэн квот тогтоожээ. Тус эмнэлэг 200 ортой бөгөөд эмнэлэгт вирус шинжлэх багаж хэрэгсэл иртэл ханиадтай, халуунтай иргэдийг тусгаарлах өрөөнд байлгаж байгаа тухай тус эмнэлгийн халдвар судлалын эмч Б.Цогзолмаа хэллээ.

Харин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх амбулаторийн өрөөний хүрэлцээ муу байгаагаас тусгаарлаж чадахгүй байгаа аж. Өнгөрөгч баасан гарагт бүх эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн үед ажиллах гамшгийн өмнөх төлөвлөгөөгөө шинэчилсэн байлаа. Энэ үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хэсэгчилсэн хөл хориог тогтоож, хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт гаднын хүн орохыг хоригложээ. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ч орохыг хориглосон байв.

Бүх эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн үед ажиллах гамшгийн үеийн төлөвлөгөөгөө шинэчилжээ

Сошиалд цацагдаж байгаа худал мэдээлэл иргэдийг айдаст автуулж байна

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүн ихтэй бөгөөд нэг удаагийн улавч, амны хаалт бүхий иргэд үйлчлүүлж байгаа харагдана. Эмч нар нь “Толгой эргэж унах  нь. Гэсэн ч бидний үүрэг болохоор өвчин хэлэх эрхгүй шүү дээ” гэсээр угтав.

Хоолой нь өвдөж, ханиалгасан өвчтөнд вирусийн эсрэг эм Цедоксил, Кагоцелл, Амизон, Флемоксин зэрэг вирусийн эсрэг эмнээс өөрт тохирохыг нь,  мөн мөөгөнцрийн эсрэг эмтэй хавсарч уухыг зөвлөж, хоолойны эм нэмж бичив.

Шингэн юм сайн ууж, шим тэжээлтэй хоол сайн идэхийг сануулах тус өрхийн их эмч Б.Цэцэгмаа “Иргэд маш их айдастай, нүд нь том болчихсон ирж байна. Бага зэргийн ханиалга, хоолойны сөөнгөд сандраад л би зүгээр байна уу, үзээд өгөөч гэж их ирж байна. Энэ нь тэдний буруу биш боловч мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа үнэн, худал мэдээлэл олон нийтийг айдаст автуулаад байна” гэж ярилаа. 

Эмчийн зүгээс дархлаагаа дэмжиж, даарч хөрөхгүй байх, адууны махтай шөлийг  сармистай идэх, халуун аарц буцалгаж уух, цагаан гаа, лимонтой цай уух, хоолойгоо зориулалтын уусмалаар зайлахыг зөвлөж байлаа. Өрхийн эмнэлэгт тогтмол хлорминтай цэвэрлэгээ хийж, цонх хаалга нээж агаар сэлгэж байв. Эмч нарын давтан, давтан хэлсэн зөвлөмж нь тогтмол амны хаалт зүүх, гараа угаах, ариутгах, олон хүнтэй газраар явахгүй байх, гар барьж мэндлэхгүй байх, гэртээ ариутгагчтай цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх зэрэг зөвлөмж байсан юм.  Бидний нэг дутагдал нь гараа буруу угааж буй бөгөөд гаднаас орж ирүүтээ гараа угаах биш, гадуур өмссөн хувцсаа тайлсны дараа гараа угаах нь илүү үр дүнтэй байдаг аж.

Эмнэлгийн ажилтнууд ариутгал, хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан гэв

Чингэлтэй  дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатори аанай л хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүн бүр амны хаалт зүүсэн боловч зарим хөгшчүүд амны хаалтгүй хээвнэг зогсох аж.

Хамгийн их дараалалтай байгаа хүүхдийн тасгийн дараалалд орж зогсов. Аав, ээжтэйгээ ирсэн жаахан хүүхдүүд ханиадны зовуурьтай байгаа харагдана . Тус дүүргийн хүүхдийн тасгийн эмч Ч.Туул “Өглөөний 10 цаг гэхэд 20-оод хүүхэд үзүүллээ. Үдээс хойшдоо нэмэгдэх хандлагатай болдог. Манай тасаг уртасгасан цагаар ажиллаж байна. Хоногтоо 100 хүүхэд ирж байна” гэв.

Дээрх хүүхдүүд ихэнх нь хоолой нь өвдөж, өндөр халуурсан гэсэн шинж тэмдэгтэй ирж байгаа бөгөөд хатгаа болж хүндрэх нь гайгүй байгаа талаар эмч нэмж хэлэв. Эмч нарын аюулгүй байдал, халдвар хамгаалалтын талаар лавлахад тусгай зориулалтын амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал, цэнхэр спиртээр хангаж байгаа гэлээ. Эмнэлгийн эмч, сувилагч нар амны хаалттай, гаднаас орж ирж буй үйлчлүүлэгчдийг улавч өмсөхийг шаардаж байв. Хонгилын хананд гар ариутгагч шингэн уусмал байрлуулсан хэдий ч ариун цэврийн өрөөнд гарын шингэн саван, гар хатаагч, гар халдваргүйжүүлэх уусмал алга байлаа. Эмэгтэйчүүдийн тасаг руу орж буй жирэмсэн эмэгтэйчүүдийг үүдэнд сууж буй жижүүр эмч бүртгэхийн зэрэгцээ асуумж асууж, гарыг нь ариутгаж оруулж байгаа харагдав. Хаалганы бариулд спирттэй марль зүүж, цаг тутамд сэлгэж, шинэчилж байгаа ажээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 227 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тасагт хэвтэн эмчлүүлэгчид эрүүл  мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна том хүний болон хүүхдийн хүлээн авах 24 цагаар ажиллаж байна.

Улирлын томууны дэгдэлт 50 хувь буурчээ

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүн ихтэй байв. Яаралтай түргэн тусламжийн төвд хүүхдүүд голдуу ирнэ. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж буй талаар ээлжийн эмчээс тодруулахад завгүй эмчээс тоо баримтыг даргаас очиж ав гэдэг үгийг сонсов. Хэвтэн эмчлүүлэх амбулаторийн үүдэнд нэг удаагийн улавч үнэгүй тарааж байв.  Даргыг хүлээх зуур гаднаас хоёр залуу орж ирж маск зарна шүү гэхэд хүмүүс бүчин авав. Нэг маск нь 4000 төгрөгийн үнэтэй гэх тэдгээр залуус иргэдэд “Маск сайн зүүхгүй бол байдал аюултай болж байна шүү. Коронавирус аль хэдийн Монголд ороод ирчихсэнийг Халдвартаас нуугаад байгаа байхгүй юу” гэж суртал ухуулга, ятгалга сэнхрүүлгийн завсар хэлэнгээ гурван маск зараад амжив.

Тус эмнэлгийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ “Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Бид ДЭМБ болон ЭМЯ-аас өгч буй  мөрдлөг, заавар, зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллаж байна. Манай эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрэв яаралтай тохиолдолд яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа. Яаралтай тусламж авах шаардлагагүй бол харьяаллынх нь эмнэлэг рүү явуулдаг” гэв.

Сүүлийн долоо хоногт томуугийн 286 тохиолдолд тестийн шинжилгээ хийснээс 61 хувь нь А хүрээнээс гарсан томуугийн вирус байгаа талаар тэрбээр нэмж хэлэв.

Улирлын томууны дэгдэлт 50 хувь буурсан боловч тасраагүй бөгөөд өмнө нь томуугаар өвдсөн өвчтөн долоо хоног эмчлэгдээд гардаг байсан бол 10 хоног эмчүүлэх шаардлагатай болж, зарцуулах хугацаа нэмэгджээ. 

Монгол Улсын хэмжээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь томуугийн вирусийн тестийн шинжилгээг авдаг ганц эмнэлэг юм. 

Харин манай улсад коронавирусийн шинжилгээ авдаг лаборатори байхгүй бөгөөд ХӨСҮТ-ийн лаборатори  дээр 21 төрлийн вирусийг илрүүлж байгаа. Шинжилгээгээр дээрх 21 төрлийн вирусийн аль нэг нь илэрвэл аюулгүй гэсэн үг юм. 

Шинэ төрлийн вирусийг оношлох оношлуурыг өчигдөр /2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь  Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top