Коронавирусээр халдварласан хамгийн залуу өвчтөн долоон сартай

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо ойролцоогоор 1300-аар нэмэгдэж, 4239 болж, 106 хүн нас барлаа.

Халдвар авсан хамгийн залуу өвчтөн долоон сартай, хамгийн хөгшин нь 91 настай.

Одоогийн байдлаар, нийт 58 хүн бүрэн эдгэрээд байна.

Дэлхийн улс орнуудад батлагдсан тохиолдлууд:
- Тайланд: 8
- Япон: 4
- БНСУ: 4
- АНУ: 5
- Вьетнам: 2
- Сингапур: 5
- Малайз: 4
- Балба: 1
- Франц: 3
- Австрали: 5
-Канад: 2
-Герман: 1
-Камбож: 1
-Шри Ланк: 1

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн тархалтын олон улсын түвшний эрсдлийн үнэлгээг “бага”-аас “өндөр” болгон залруулжээ. Өнөөг хүртэл ДЭМБ халдвар авах эрсдэлийг Хятад улсад өндөр, бүс нутгийн түвшинд өндөр, олон улсын түвшинд бага гэж үнэлж байв.

-Халдварын тархалтыг хазаарлах үүднээс Бээжин хот хот хоорондын 28 чиглэлийн нийтийн тээврийг түр зогсоожээ.

-Хятад улсад нийт 30 муж, томоохонд хотод онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Хонконг Хубэй мужаас ирж буй зорчигчдыг хотод орохыг бүрэн хориглохоор болжээ.

-Нийт 60 сая орчим хүн хөл хорионд ороод байна.

-Дэлхийн 14 улсад 50 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

-БНХАУ-ын эрүүл мэндийн яамны мэдээллээр, энэ жил тус улсын засгийн газар нийт 8.75 тэрбум ам.долларыг шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэхэд зориулахаар болжээ.

-"Жэньминьжибао" сонинд мэдээлснээр, Тяньжинь боомт хотод дайны байдлын дэглэм тогтоолоо. Энэ дагуу тус хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх нэгдсэн эмнэлэг байгуулах бөгөөд эмнэлгийг хотын эрүүл мэндийн хорооны удирдлага тэргүүлэх аж. Эмнэлгийн бүсэд цэрэгжсэн удирдлага бүхий эмч нарын 500 ангийг зохион байгуулна.

-Хятадын нийслэл Бээжин хотноо коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Хятадын төв телевизийн мэдээллээр, тус хотод нийт 80 хүн халдвар авсан нь батлагдаад байгаагаас 12-ынх нь биеийн байдал хүнд байна. Тус хотын арван дүүрэгт халдварын тохиолдлууд бүртгэгдээд байна.

- Хэбэй мужийн Жэньдин хошууны эрх баригчид Ухань хотоос ирээд бүртгүүлээгүй хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд 100 юанийн шагнал өгөхөөр болжээ.

-Германд 2019-nCoV вирусээр халдварласан анхны тохиолдол илэрлээ гэж Баваар мужийн эрүүл мэндийн яам мэдээлжээ. Түүнчлэн, халдварын анхны тохиолдол Камбожид мөн бүртгэгдлээ.

- Перу улсад дөрвөн сэжигтэй тохиолдлыг шалгаж байна гэж тус улсын эрүүл мэндийн сайд Элизабет Иностроса мэдэгджээ. Эдгээр нь Хятадын гурван иргэн, орчуулагчийн хамтар эмчийн хяналтад байна.

-Шри Ланкт мөн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Хятадын 43 настай иргэн Хубэй мужаас тус улсад иржээ. Даваа гарагт шинжилгээний хариу эерэг гарчээ.

- ДЭМБ ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах албаны эрдэм шинжилгээний төвийг Европын лабораторийн бүртгэлд шинэ төрлийн коронавирусийг оношлох чадавх бүхий лабораториор бүртгэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top