Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, дэлхийг түгшээж байгаа коронавирус болон Казахстанд байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Шахрат Нурышев “Бид Хятадтай залгаа хилээ хаахгүй. Хил хаавал Хятадад байгаа казах иргэдийг татан авах аргагүй болно. Одоо БНХАУ-ын нутаг дэвсгэрт 1300 Казахстаны иргэн байна. Үүнээс Хайнаньд 635 жуулчин, 204 дипломат ажилтан, тэдний гэр бүлийнхэн байгаа. Хил хаахад нэгдүгээрт, ДЭМБ-ын зөвлөмж хэрэгтэй. Тийм зөвлөмж ирээгүй байна. Хоёрдугаарт, Хятад дахь манай ЭСЯ, Консулын газрууд хятад иргэдэд виза олгох шаардлагаа чангаруулж, эрүүл мэндийн бичиг авдаг болсон. Нисэх буудал дээр ирээд цахим виза авдгийг зогсоосон. БНХАУ-ын иргэд манай нутгаар дамжин өнгөрөхдөө 72 цаг байж болдог байсныг хориглосон” гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар Хятадаас Казахстанд 25858 хүн ирснийг эмнэлгийн үзлэгт хамруулсан. Тэднээс 23 хүн халуурсан, ханиадтай байснаас дөрвөн хүнийг эмнэлэгт хэвтүүлэн, шалгаж байгаа гэнэ. Шинжилгээг АНУ-д илгээж, хариуг энэ долоо хоногт авах ажээ.
Уханьд 98 казах оюутан байгааг эх орондоо татахаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа ч Хятадын тал зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Казахстаны нисэх буудлууд дээр короновирус илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургууль хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )