...Мөнөөх шодойвчтон хатуу үгнээс хавталзан, үнэн үгнээс үргэн зугтсан гэдэг...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11


Хамрын тархи

Дээд сургуулийн нэг багш, номч мэргэн Ринчен гуайтай маргажээ. Эрдэмтэн багш хэлэхдээ:

-Ильичийн хэл, Пушкины хэл-эв хамтын орны хэл орос хэл баян гэжээ.

Ринчен гуай хэлэхдээ:

-Эртний их өв соёлтой монгол хэл баян гэжээ.

Шүүгчгүй маргааныг цагийн гарзгүй нэг тийш болгоё гэж бодсон Ри доктор асууж, цаадах нь ийнхүү хариулжээ.

-Гавлын ясан доторх юмыг оросоор юу гэдэг вэ?

-Головной мозг

-Хүзүү сээр, харцаганы доторхыг юу гэдэг вэ?

-Спинной мозг

-Булуун доторх тосыг юу гэдэг вэ?

-Костный мозг

Ринчен гуай сая доогтойхон мушийж:

-Монгол хэлэнд бол гавлын ясан доторхыг ТАРХИ

-Нуруу сээрэн доторхыг НУГАС

-Булуун доторхыг ЧӨМӨГ гэдэг юм даа!

Харин ч хамар доторх цэхэр амбанг “носовой мозг” гээгүй нь яамай даа!

Ийм жишээ ганц бус

Мянга түмнийг хэлж болно. Бодоорой та!

Эх хэл минь баян гэдэгт

Бүү эргэлзээрэй та! гэж хэлсэн гэдэг.

 

Хэрд тааруулсан нь

Бичиг соёлоо алдаж, тэр хэрээрээ эх хэлнийхээ баян тансаг үгсийн санг мэдэхээ больсон шинэ цагийн сэхээтэн дунд Ри бол эх хэлний амьд нэвтэрхий толь бичиг нь байлаа. Тэгээд ч орчуулга оролдож буй оюутан сэхээтнээс эхлээд нэрэлхэхийг үл мэдэгч эрдэмтэд хүртэл элдэв дээдийг шалгааж эрснээ махран олж, их эрдэмтнийг биширдэг байв. Тэр ч байтугай зарим нь сонжиж сэнжин гайтуулах зорилгоор бөгс бөөрний юм ч асуудаг байжээ. Тэдний нэгэн далд нүүртэн буруу санаатны түлхээсээр гэрт нь ирж:

-Ринчен гуай “гондооныг” /гондома гэж байгаа ухаантай/ монголоор нэрлэж болох уу гэсэнд:

-Мориор хүрч болохгүй

Эх газар гэж үгүй

Монголоор нэрлэж болохгүй

Эд өлөг гэж үгүй гэжээ.

-Тэгвэл үүнийг юу гэж нэрлэх вэ? Та одоо хэлж өгөөч гэсэнд:

-Хүний амнаас

Хүйтэн будаа идсэнээс

Эрхээ биш өөрийнхөө бөндгөрөөр

Эрж олсон чинь өлзийтэй бус уу гээд долоовор хуруугаа гозойлгон:

-Үүнд угладаг юмыг юу гэдэг вэ гэхэд нь залуу:

-Хуруунд угладаг юмыг хуруувч гэдэг дээ гэж,

-Тугалын хүзүүнд угласан дээсийг юу гэх вэ гэхэд нь:

-Хүзүүвч гэдэг ээ гэж.

Тэгэхэд нь өвгөн ёжтойхон инээж:

-За тэгвэл шодойнд угладаг шолхгорыг шодойвч гэхэд ононо. Шодойвч өвөртөлж явдаг хүнийг Шодойвчтон гэхэд таарна гэжээ. Мөнөөх шодойвчтон хатуу үгнээс хавталзан, үнэн үгнээс үргэн зугтсан гэдэг.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top