Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 9816 хүрч, нийт 213 хүн нас баржээ.
Хятадын хилээс гадна тус халдвараас үүдэлтэй нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн, 15238 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 102427 нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна. 804 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 290 хүний биеийн байдал маш хүнд байна.
Коронавирусын тархалт, авч байгаа арга хэмжээ, үйл явдлын талаарх шинэ мэдээллийг тоймлон хүргэе. 2020.01.31
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал Женевт болж (Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө), Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас “Олон улсын онц байдал” зарлалаа. "Онц байдал зарласнаар дэлхий дахин энэхүү өвчинд илүү анхаарал хандуулж чадна" гэж ДЭМБ-иас үзэж байна. Мөн коронавирусийг онц аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “Бид энэ вирус эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тархахдаа ямар хохирол учруулахыг мэдэхгүй байна. Бид энэ орнуудад туслах ёстой. Ийм шалтгаанаар манай байгууллага Олон улсын онц байдал зарлаж байна” гэлээ.
ДЭМБ-ын зүгээс БНХАУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэл, хүчин чармайлтыг өндөр үнэлжээ.
Тедрос Аданом Гебрейесус мөн "Одоогийн байдлаар дэлхийн 18 оронд халдвар илрээд байна. Хятадаас гадна дөрвөн оронд буюу Вьетнам, Герман АНУ, Японд хүнээс хүнд халдсан тохиолдол гарсан. Хятадын Засгийн газрын шуурхай ажиллаж байгаа" гэж хэлсэн байна. Онц байдал зарласан нь Хятадад итгэхгүй байгаа хэрэг биш гэдгийг тэрбээр мөн онцолжээ.
ДЭМБ-аас коронавирустэй холбоотой 7 захирамж гаргав
- Олон Улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. Хятадтай хийх худалдаа, жуулчлалд хязгаарлалт тавих хэрэггүй.
- Эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тусламж үзүүлэх.
- Эмчилгээний вакцин гаргаж авах ажлыг яаравчлах.
- Худал цуурхал, буруу мэдээлэлтэй тэмцэх.
- Коронавирусын эсрэг тэмцэх төлөвлөгөө болон урьд өмнөх ажлын алдааг илрүүлж, шинэчлэн хийх.
- Өвчин гарсан улс орнууд мэдээллээ хоорондоо болон ДЭМБ-тай хуваалцах.
- Бүх улс орон хамтран ажиллах.
- Одоогийн байдлаар Хятадаас гадна дэлхийн 19 улсад халдвар тархжээ.
- Бээжин долоон мянган эмч, эмнэлгийн ажилтныг нэмж Ухань илгээгээд байна.
- Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх тусгай Хуошеньшан, Лейшеньшан эмнэлгийн барилгын ажил ид өрнөж байгаа бөгөөд ирэх долоо хоногт ашиглалтад орно. Ингэснээр, нэмж 2300 ор нэмэгдэх юм.
- Таиландад хоёр хүнийг коронавирусийн халдварын талаар худал мэдээлэл тараасан хэргээр баривчилжээ. Цагдаагийнхан мөн дөрвөн хүнтэй хүмүүжлийн ярилцлага хийсэн гэж тус улсын тоон эдийн засаг, тоон нийгмийн яам мэдээлжээ.
- Японы эрх баригчид 2019-nCoV вирусээр халдварласан хүмүүсийг Японд орох зөвшөөрөл олгохоос татгалзахаар боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр мэдэгдэв. Тус улс ирэх сарын 1-нээс эхлэн вирусийн тархалтын эсрэг хатуу арга хэмжээ авахаар болсон байна. Энэ хүрээнд вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмнэлэгт албадан хэвтүүлэх гэнэ. Өмнө нь энэ арга хэмжээг ирэх сарын 7-ноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч тархалт хурдацтай байгаа тул хугацааг ийн наашлуулжээ.
- БНХАУ-д 187 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэж БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа суурин төлөөлөгч Жан Зюнь мэдээлжээ. Өмнө нь энэ вирусийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан бол өдгөө эрдэмтэд вирусийг тодорхойлсон төдийгүй бусад вирусээс ялгах боломжтой болж, тодорхой дэвшилд хүрээд байна. Энэ өвчинтэй тэмцэх, халдварын тархалтыг зогсоох нь хамгийн чухал зорилт болоод байгаа ба Хятад улс энэ вирусийг ялж чадна гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр онцолжээ. Олон улсын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй гэж хэлээд нөхцөл байдлыг хэт дэврүүлэхгүй байхыг уриалсан байна.
- Хятад улс, ялангуяа Ухань хотод хамгаалалтын амны хаалт, шил нэн шаардлагатай байна. Хэдийгээр тус улс их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа ч амны хаалт, хамгаалалтын шилийг хэдхэн цаг зүүх ёстой тул хэрэгцээ туйлын өндөр байна. Одоогийн байдлаар, тус улсад ЮНИСЕФ, АНУ-ын хэд хэдэн компаниуд амны хаалт нийлүүлж байна.
- АНУ-ын Төрийн департамент онцгой нөхцөл байдалтай холбоотой асуудал эрхлээгүй дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлд Хятад улсыг орхин гарах зөвшөөрөл олгожээ.
- Италийн “Costa Smeralda” аяллын хөлөг онгоцонд явж байсан Хятадын хоёр жуулчнаас шинэ төрлийн коронавирус илрээгүй байна. Тус хөлөг онгоцонд нийт зургаан мянган жуулчин, нэг мянга орчим багийн гишүүн, үйлчилгээний ажилтан байсан бөгөөд сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байна.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад анх илрүүлсэн шинэ төрлийн коронавирусээс үүсгэгдсэн уушгины хатгалгаанд “амьсгалын замын хурц өвчлөл 2019-nCoV” нэршлийг түр хугацаанд өгөхийг зөвлөжээ. Албан ёсны нэршлийг Эрүүл мэндтэй холбоотой асуудал, өвчний олон улсын статистик ангиллын хүрээнд тогтоох гэнэ. Коронавируст түр хугацаанд “2019-nCoV” нэршил өгөхийг мөн санал болгожээ. Эцсийн шийдвэрийг Вирус ангиллын олон улсын хороо гаргах юм.
Сэтгэгдэл ( 0 )