Амьтан тэжээдэг хүүхэд өрөвч, зөөлөн сэтгэлтэй байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

Амьтан тэжээдэг хүүхдийн сэтгэл зүй бусад хүүхдийнхээс илүү уян хатан, өрөвч, зөөлөн сэтгэлтэй болохын сацуу өвчлөх нь бага байдаг байна. Иймээс энэ удаагийн "Амьтны ертөнц" буландаа гэрийн тэжээмэл амьтдын талаар танилцуулъя. 

Гоо зүйн таашаал өгөхөөс гадна нүдний хараа сайжруулж, ядаргаа тайлахад тустай амьтан бол загас. Загасны амьдрах орчин гэдэг шилэн саван доторх ургамал, хайрганы цуглуулга биш. Ази, Африк, Амазон, Төв Америкийн гэхчилэн хаана амьдардаг загас тэжээж байгаагаас хамаарч ургамал, чулуу, хайрга элс бүгд өөр. Анхлан тэжээгчид жижиг хэмжээтэй савнаас эхлэх ёстой гэсэн буруу ойлголт бий. Харин ч эсрэгээрээ том савнаас эхлэх ёстой. Загасыг өдөрт хоёр удаа зориулалтын хоолоор хооллодог ба төрөл зүйл, том жижгээс хамааран тэжээл нь өөр. Хүмүүс аквариумын усыг цэвэр эсэхийг анхаарахаас ургамлыг анзаардаггүй. Гэтэл ургамал хүчилтөрөгч ялгаруулахаас гадна зарим төрлийн загас үүгээр хооллодгийг мэддэггүй. Загасыг төрүүлэхдээ сүргээс нь тусгаарлах ёстой. Цөөн төрлийн буюу мичнос, моли, пецили гэсэн загаснууд амьд зулзага төрүүлдэг. Ингэхдээ 30-150 орчим жараахай төрүүлдэг. Харин түрс шахдаг загас нэг удаад 1000-3000 орчим өндөг гаргадаг. Сонирхуулахад, загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын улмаас хүйсээ сольдог. Мөн зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй аж.


Нохой долоо хоногт биеийн жингийнхээ 25-30 хувьтай  тэнцэх хэмжээний хоол идэх ёстой. Жишээлбэл, 20 кг жинтэй нохойг долоо хоногт дөрвөн кг ястай махаар хооллоно гэсэн үг. Охин нь эрийгээ бодвол ухаалаг, авхаалжтай. Гөлгийг сургахдаа гудамжны чимээ шуугиан, автомашин, галт тэрэгнээс айдаггүй болгох гэж яарах хэрэггүй. Харин ч дуу чимээгүй орчноос хөл хөдөлгөөн ихтэй орчинд аажмаар дасгаарай. Мөн гадны хүнд итгэлгүй хандах, уурлуулахыг хайхардаггүй болгох ёстой. Гөлөг рүү эв хавгүй дайрч довтолбол уурлан ярдаглахын оронд аймхай болдог. Гадны хүн танай гэрт байхад харж хамгаалдаг болгохын тулд гөлгийг байранд нь байлгаж, хүн явж өнгөрснөөс хойш "сайн байна" хэмээн урамшуулаххэрэгтэй.Ингэвэл нохой аливаад соргог,сэрэмжтэй хандана.


Тэжээхэд амар амьтны нэг нь муур. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай болохоор тэр. Хүнд дараа болдоггүй, харин ч амиа , аргалчихдаг адтай. Дээр нь ой сайтай. Болохгүй, буруу зүйл хийсэн тохиолдолд нүд рүү нь харж байгаад "болохгүй" гэж хэлэхэд хангалттай. Мөн ханын цаас, тавилга зэргийг маажиж урвал муур шиг исгэрэхэд буруу зүйл хийснээ шууд ойлгоно. Муур сүүнээс илүү цөцгий, тарганд дуртайг Та мэдэх үү. Тэд бага байхдаа сүүнд дуртай байдаг. Харин нас бие гүйцээд ирэхээр сүүнд дургүй болдог. Энэ нь тэдний хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой. Гэхдээ хооллохдоо бага багаар хооллоорой. Хамгийн бага арчилгаатай амьтны нэг нь усан гахай. Хоолыг нь тохируулаад өгөхөд л хангалттай. Учир нь усан гахайны дийлэнх нь хоол их идсэн, эсвэл буруу хооллосноос үхдэг. Сонирхуулахад, хэрвээ та халуурч, булчирхай тань цочвол хэсэг хугацаанд усан гахайгаа сугандаа хавчуулаарай. Учир нь энэ амьтан өвчнийг өөртөө шингээдэг увдистай. Харин дараа нь түүнийг усанд оруулахаа мартав. Ингэснээр усан гахай биед шингэсэн хороо гадагшлуулж чадна.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top