Борооны устай цуг буудай, загас, жүрж, мэлхий загас тэнгэрээс хамт унадаг гэвэл та итгэх үү? Ийм явдал энэ дэлхий дээр үе үе болдог ажээ. Баримтаас үзэхэд 1940 оны явдал юм байна. Зуны нэгэн халуун өдөр Горький мужид дуутай ширүүн бороо асгарч эхлэв. Анхны дусалтай хамт мөнгөн зоос асгарч дээ. Бороо арилмагц хүмүүс нөгөө зоосыг цуглуулж гэнэ. Тэр нь догшин Иваны үед цутгасан мянга орчим мөнгөн зоос байсан аж. Ганцхан зоосоор төдийгүй тэнгэрээс буудай, амтат жүрж, мэлхий загас, адгийн муу аалз хүртэл морилох тохиолдол энд тэнд гарсан удаатай. Заримдаа бороо өнгө өнгөөр ордгийг тооцвол бүр ч сонирхол татах нь мэдээж. Одоогоос яг 50 жилийн өмнө Америкийн Давенпорт хотхонд шөнө орсон бороо цэв цэнхэр өнгөөр орж, бүх зүйлийг цэнхрээр будсан удаатай. Энэ ямар учиртай юм бол оо? Зуны бүгчим өдөр халсан агаар газар дээр үл мэдэг хуй олонтаа үүсгэнэ. Түүнийг ажиглавал агаарын хуйлрал газраас зомгол, цаас зэргийг өөртөө татан хийсгэж байгааг хялбархан олж харна. Аадар борооны үеэр хүчтэй хуй салхи үүсдэг. Ийм үед агаарын хуйлрал маш хүнд юмыг ч өндөрт өргөж чадна. Хэрэв ийм хуй салхины замд цөөрөм, нуур, голын ус тааралдах аваас ус нь мөн л дээш татагдаж усан хуйлрал үүснэ. Горький мужид орсон зоосон борооны нууц ч үүгээр тайлбарлагдаж байна. Ширүүн бороо нэгэнт ил гарчихсан шороон дээр хэвтэж байсан газраар дайрч өнгөрөхдөө зоосыг агаарт хөөргөжээ. Агаарын урсгалын хүч саарах үед мөнөөх зооснууд борооны дусалтай хамт тэнгэрээс унасан байна. Одесс мужид унасан амтат жүржийн хувьд салхи дайран өнгөрөхдөө худалдааны хайрцгийг дээш хөөргөн авч тээж явснаас ийм явдал тохиожээ. Тула мужид эмэгтэйчүүд хэсэг зотон даавууг будахаар угааж дэлгэж тавьсан байжээ. Хүчтэй салхи бороо болж, мөнөөх зотонгий нь тэнгэр таалах нь тэр. Хүүхнүүд ч хойноос нь гүйлдэж дээ. Төдхөн харагдахаа больсон ч хүүхнүүд гүйсээр л байж. Ойролцоо тосгоныхон ч гэнэт дээрээс зөндөө зотон даавуу унахыг хараад мэл гайхацгаажээ. Эзэд нь юмаа аваад л буцсан гэдэг. Нэг удаа Мароккод гарсан хар салхи хүнсний том агуулахыг зад татаж тэндээс үр тариаг хийсгэж аваад Испанийн эрэгт хүргэжээ. Испанийн нэг тосгонд тэнгэрээс тариан бороо орж хүмүүсийн нүдийг бүлтийлгэх нь тэр. Одоогоос 200-аад жилийн өмнө Италийн нэг хотынхон гайхалтай зүйл үзсэнээ үе дамжуулан ярилцах болсон гэдэг. Далайн зүгээс бөөн хар үүл наашилж байлаа. Үд дунд болоход үүл ч өтгөрөн, ойр хавийн уулсыг нөмөрч, нарыг хааж эхлэв. Үүлний өнгө цайвар ягаан байснаа гал улаан болж хувирав. Төдхөн хот ч харанхуй болж айлууд дэн асаажээ. Улам бүр харанхуйлсаар тэнгэр тэр чигээрээ улайсмал төмрийн өнгөөр хувирах нь тэр. Аянга ниргэж, улаавтар өнгийн том том дусал унаж эхэлсэн. Хүмүүс түүнийг цус, зарим нь хайлмал металл гэж байлаа. Бороо тогтож, хүмүүс тайвшрахад байшингийн хана дээвэр, модны мөчир навчист үлдсэн улаан толбо л байгаль дээр ямар нэг ер бусын үзэгдэл болсныг илтгэж байлаа. Энэхүү улаан борооны учир олджээ. Хар салхи хойд Африкийн цөлөөс зос агуулсан их хэмжээний улаавтар тоосыг хийсгэж, Газрын дундад тэнгис дээгүүр гатлуулан аялуулж Италийн эрэгт хүргэх үед энэ зос бороотой холилдон нааш “цуст” бороо орсон ажгуу.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )