Чех улсын шүүхэд Монгол Улсын иргэд нэгдэж өргөдөл, гомдол гаргаад байна. Учир нь тус улсад байх хугацаанд бүртгүүлэх эрх олгогдохгүй, виз сунгахгүй байгаа зэрэг хүндрэл бэрхшээл гарах болсон нь ийнхүү манай улсын иргэдийг бухимдуулахад хүргээд байгаа аж. Deutsche Welle-ийн мэдээлснээр Монгол, Вьетнам болон Европын холбооны бус улсуудын иргэдийн бүртгүүлэх, виз хүсэх боломжийг “Visapoint” цахим систем хааж байгаа гэнэ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын эхэнд бий болж, дээр дурдсан орнуудын иргэдийн виз хүсэх өргөдлийг хязгаарлах болсонтойгоор үүсчээ. Үүнийг Чехийн зарим нэг хуульчид, ТББ-ууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй үйлдэл хэмээн үзэж байна.
“Зовлонд автсан хүмүүн” буяны байгууллагын төлөөлөгч, хатагтай Павла Редлова хэлэхдээ “Энэ гажуудал Чехийн дотоод хэргийн болон гадаад хэргийн яамдын хоорондын үл ойлголцлоос болж байна” хэмээн дүгнэжээ. Гэвч монголчуудын хамтран гаргасан гомдол “Visapoint” системийн дагуу автоматаар хэрэгсэхгүй болж, хаагдаж байгаа гэнэ.
Түүнчлэн Казахстан улсад нүүдэллэн очсон Монгол Улсын иргэд ч төрийн байгууллагууд болон уугуул иргэдийн зүгээс дарамтлуулах нь ердийн үзэгдэл болсон гэнэ. Тус улсын төрийн байгууллагуудын хүнд суртлаас болж Монголоос цагаачлан очсон иргэд бичиг баримтаа авч чадахгүй байгаа аж. Үүний хажуугаар Монголоос Казахстанд очсон иргэдийн гадаад паспорт дээр “яс үндэс” гэж тодорхой бөглөсөн зүйл байдаггүйгээс тэднийг жинхэнэ казах мөн эсэхийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг юм байна. Мөн нутгийн иргэд манайхаас очсон казах үндэстэнг “Зүүнгарын ойрад Монгол” хэмээн дорд үздэг гэнэ. Ийнхүү манай улсын иргэдийн хувьд зарим оронд цагаачлан амьдрахад хууль эрх зүйн орчин нь төдий л таатай бус байгаа нь дээрх жишээнүүдээс харагдах биз ээ. Энэ талаар манай холбогдох алба, ГХЯ зэргээс анхаарал тавьж буй нь тун ховор. Нэг үгээр хэлбэл цагаачилсан л бол манайд хамаагүй гэсэн хатуу бодлого барьж буй нь өмөөрөх эх оронгүй юм байна гэсэн сэтгэгдлийг харийн оронд ажиллаж, амьдарч буй монголчуудад төрүүлдэг нь нууц биш юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )