САЙН МЭДЭЭ: Хилчид цасан шуурганд төөрсөн иргэдийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

Дорноговь аймгийн нутгаар энэ сарын 13, 14-ний өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурч, Хатанбулаг сумын хоёр иргэн сураггүй алга болсныг хилчид олж, осгох аюулаас аварчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар энэ сарын 13-ны өдөр цаг агаар муудаж, цасаар шуурч байхад малаа эргүүлэхээр гэр, гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлага авч, эрлийн ажиллагаанд оролцсон байна. Улмаар тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг энэ сарын 15-ны өдрийн 09:45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлжээ.

Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэдэг газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай бусад арга хэмжээг авчээ. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний үр дүнд иргэдийн эрүүл мэндийн байдал сайжирч хэвийн байдалдаа орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top