Эрүүл мах худалдах "Үйлдвэрлэл технологийн парк"-ийг Дорнод аймагт байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

ХХААХҮ-ийн сайд өнгөрөгч долоо хоногт Дорнод аймагт ажлын айлчлал хийх үеэрээ тус аймагт махны экспортын зориулалттай, эрүүл бүс буюу "Үйлдвэрлэл технологийн парк" байгуулах талаар дурдаж байсан. Үүнтэй холбоотойгоор "Дорнод мах маркет" компани, Дорнод аймгийн малчидтай хамтран "Дорнод мах" комбинатынхаа үйл ажиллагааг сэргээжээ. Ингэснээр Зүүн бүсийн тулгуур төв болох "Үйлдвэрлэл технологийн парк" байгуулах үйл ажиллагааны эхлэл тавигдлаа гэж ойлгож болох юм.

Дорнод аймгийг түшиглэсэн "Үйлдвэрлэл технологийн парк"-д мах боловсруулах үйлдвэрээс гадна Арьс шир боловсруулах үйлдвэр, Ноос, ноолуур угаах үйлдвэр, Эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр, Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, Өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, Хаягдал яс боловсруулах үйлдвэр, Нохой, муурны хоолны үйлдвэр, Сав баглаа боодлын үйлдвэр, Адууны дэл сүүл боловсруулах үйлдвэр, Өөх тосны үйлдвэр гэх мэт 19 үйлдвэрийг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү парк байгуулагдсанаар малын арьс шир, түүхий эд үнэгүйдэх асуудлыг шийдэхээс гадна малыг зориулалтын газар төхөөрч, арьсыг нь шарх, сорвигүй хуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах, цаашлаад гаднын улс руу бүтээгдэхүүнээ гаргах зэрэгт нааштай үр дүн үзүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

Үйлдвэр технологийн паркийн нэг хэсэг болох "Мах боловсруулах үйлдвэр"-ийн талаар салбарын сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ “Манай салбарын тэргүүлэх зорилтуудын нэг нь махны экспорт. Бид цаашид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн махыг олон улсад экспортолдог болоход анхаарах учиртай. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн бүтэц, улсын тусгай хэрэгцээний газарт түшиглэн махны экспортын зориулалттай, эрүүл орчин бүхий бүс байгуулна” хэмээн ярьж байв.
 
Дээрх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хорио цээрийн дэглэм бүхий “эрүүл бүс” бий болгоход шаардлагатай судалгааг аймгийн Засаг даргыг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж, ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.
 
 
Баримт сөхвөл, Монголын арьс ширний холбооноос гаргасан судалгаанд манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаар Итали улс руу 500 мянгаас 1.8 сая ширхэг ямааны арьс экспортолсон бол Турк улс руу 1-1.3 сая ширхэг хонь, ямааны арьс, БНХАУ руу 2-3 сая үхэр, хонь, ямааны арьс гаргасан талаар өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top