ДОРНОД: Элэгний В вирусээс сэргийлэхэд 1000 эмэгтэйг хамруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар 2019 онд эхээс нярайд дамжих халдвараас урьдчилан сэргийлэх “Элэгний В вирусын халдваргүй нярай” төслийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 9 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн, 100 орчим В вирусийн халдвартай эхээс төрсөн нярайд “ХЕПАБИГ В гепатитын иммунглобулин G ”-ыг тарьж халдвар дамжихаас урьдчилан сэргийлж чаджээ.

Энэхүү төслийн хоёр дахь шат болох “Эхчүүдээ хайрлая” хөтөлбөр эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 31-40 насны 1000 эмэгтэйг В вирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хамруулах юм. Хөтөлбөрийг өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн зохион байгуулж, гурван удаагийн тунг үнэ төлбөргүй хийх юм.

Дорнод аймагт жилд дунджаар 2000 гаруй эх амарждаг ба үүний 10-13 хувь нь буюу 250 орчим нь В вирусийн халдвартай байх магадлалтай ба хүүхэд эхээсээ В вирусийн халдвар авч төрж байна. Төрөх үедээ В вирусийн халдвар авбал 90 хувьд нь 10-20 жилийн дараа буюу идэр залуу насанд нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top