Коронавирус арьсны үзлийг дэвэргэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Коронавирусийн дэгдэлт нэгэн өөр тахал үүсгээд байгаа нь хятадууд болон Азийн бусад орноос гаралтай хүмүүсийг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл юм. Хятадууд болон азиудыг доромжлох, ялгаварлан гадуурхах, буруутгах явдал энгийн нүдээр ч олж харахад төвөггүй болжээ. Олон нийтийн сүлжээгээр шинэ вирусийн өвчнийг эмчлэх ардын эмчилгээ, шинэ төрлийн коронавирус үүссэн тухай үлгэр домогтой зэрэгцэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл санаа дэвэрсээр. Вирусийг нууц лабораториос алдсан гэх таамгаас авахуулан хоол, эрүүл ахуй, ахуйн “соёлгүй” хятадууд бүхний буруутан гэж буруутгана.

Олон нийтийн сүлжээн дэх арьсны үзэл

“Аймшиг, хэлэх үг ч алга” гэж Ази төрхтэй нэгэн бүсгүй шавьж идэж буй дүрс бичлэгийн дор амьтны эрх хамгаалагч гэх нэгэн хэрэглэгч бичнэ. “Өөр соёл гэдгийг ойлгож байна. Азид хөдөлж байгаа бүхнийг иддэг. Дараа нь шинэ төрлийн вирус хаанаас гарч ирэв гэж гайхдаг” өөр нэг хэрэглэгч мэдэмхийрэх. Эл дүрс бичлэг олон арван мянган хүнд хүрч, олон зуун коммент авчээ. “Энэ бол соёл биш”, “Хүн биш, бич”, “Зэрлэг бичээс дэлхий ангижирч л байг” гэх зэрэг хайр найргүй бичнэ. “Энэ хиймэл аргаар гаргаж авсан вирус зөвхөн азиудад л халдварладгийг бүгд л мэдэж байгаа” гэж комментууд хөвөрнө. Интернетэд эргэлдэж буй өөр нэгэн дүрс бичлэгт сарьсан багваахайтай шөл идэж буй эмэгтэйг үзүүлжээ. Дүрс бичлэг доор үлдээсэн комментууд мөн л хятадуудын хоолны “гажиг дуршилтайг” зэвүүцэн шагширч, коронавирусийн халдварыг дэгдээсэнд буруутгана. Хүргэлтийн “Aliexpress” компанийн илгээмжээс авахуулаад хятад хоолны ресторанууд, ер нь найтааж буй хятад бүр аюултай гэж вирус хэрхэн халдварлаж буй тухай янз бүрийн онол түгсээр.

Гэтэл эрдэмтэд “COVID-19” гэх нэр аваад буй шинэ төрлийн коронавирус хэрхэн бий болсон талаар өнөө хэр бүрэн мэдэхгүй л байна. Зоонозын халдварт өвчнийг үүсгэгч вирус сарьсан багваахайгаас ямар нэгэн байдлаар хүнд дамжсан гэх онол илүү магадлал өндөртэй байна. Сарьсан багваахайн дархлааны онцгой тогтолцоо нь олон төрлийн вирусийн халдвар тээгч болгодог аж. Гэхдээ энэ онол хүн, сарьсан багваахай хоёрын дунд бас нэгэн холбоос байх ёстой гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж буй. Харин энэ холбоос нь шинэ коронавирусийн голомт болоод буй Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах дээр байсан байж болзошгүй. Тус зах дээр ховор төрлийн амьтдын хууль бус наймаа хийдэг бөгөөд зарим шинжээчдийн үзэж буйгаар, байгаль дээр хэзээ ч тааралдахгүй энэ олон төрлийн ан амьтан нэг дор цугларснаар шинэ өвчин гарахад хүргэсэн байж болзошгүй аж. Түүнчлэн, панголин гэгч амьтан энэ холбоосны нэг байж болзошгүй гэсэн таамаглал мөн бий.

Харин бодит амьдрал дээр?

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бодит амьдрал дээр тусгалаа олж, илүү их хор хохирол учруулж байна. Их Британи, Франц, АНУ, Канад, ОХУ, Украин зэрэг дэлхийн олон улс оронд амьдарч буй хятадууд коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш тэдэнд тэс өөрөөр хандах болсон тухай ярьж байна. “Зарим хүмүүс бидэнтэй вирус мэт харьцах болсон” гэж ВВС агентлагийн сурвалжлагчид нэгэн хятад ярьжээ. Зарим хотын зочид буудлууд Хятадаас саяхан ирсэн Хятадын иргэдийг орохыг хориглоно гэсэн хаяг өлгөсөн бол өөр нэгэн хотод Хятадын хоёр жуулчин гэнэт эмнэлэгт хүргэгдсэн байна. Учир нь зочид буудлын ажилтан тэднийг сэжиглэн түргэн дуудсан нь тэр.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ийм төрлийн үг, үйлдэл гаргаж буй хүмүүст анзаарагддаггүй бол энэ үзлийн бай болж буй хүмүүст хүнд тусдаг гэж Йоркийн их сургуулийн профессор Рожер Кэйл онцолжээ.

“Шар заналхийлэл”

2009 онд Хойд Америкт бүртгэгдэж байсан H1N1 гахайн томуу ч тэр, 1996 онд Шотландад дэгдэж байсан гэдэсний савханцар ч тэр арьсны ямар нэгэн өнгөгүй дэгдсэн. Харин эсрэгээр шинэ төрлийн коронавирусийн нэгэн адил 2003 онд Азид анх дэгдсэн А хүрээний вирусийн халдвар, 2014 онд Африкт анх дэлгэрсэн эбола вирус нийгмийн ухамсарт “арьс өнгөний” бүрэлдэхүүнтэй болж, тэднийг тодорхой бүлгийн хүмүүс, үйлдэлтэй хоршуулдаг болсон. Профессор Рожер Кэйл үүний тайлбарыг юуны өмнө колоничлолын түүхээс хайх ёстой гэж үзэж байна.

“Арьсны үзэл түүхэнд цагаан арьстнуудын ноёрхлыг илэрхийлж ирсэн. Цагаан арьс цэвэр цэмцгэр, эрүүл байдлыг илтгэдэг байв. Тиймээс колоничлолын түүх цагаан бус арьстай хүн амыг сэжиглэх үзэл санааг суулгасан” гэж профессор ярьж байна. Мөн үүнтэй ижил дүгнэлтийг 2003 онд SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчний Канад дахь Азийн цөөнхөд үзүүлсэн үр дагаврыг судалсан судлаач Кэриэнн Люн хийж байжээ. Шинэ төрлийн коронавирустэй төстэй шинж тэмдэгтэй, нуклеиний хүчлийнх 80 хувь нь ижил энэ вирус тухайн үед 800 хүний амийг авч одож, найман мянга гаруй хүнд халдварлаж байсан билээ. Түүний бичсэнээр, SARS өвчнөөс болж Хятад болон Ази гаралтай хүмүүс ялгаварлан гадуурхагдах, тохуурхах, гутаан доромжлуулах зэрэг үйлдэлтэй нүүр тулж байжээ. Судлаач Люн арьсны үзэл, өвчний дэгдэлтийн түүхийг судлахдаа XIX зууны сүүлээр бий болсон “шар аюул” хэмээх томьёоллыг ашиглаж байжээ. Энэ хэллэгийг Германы хаан II Вильгельмийг зохиосон гэж үздэг. 1880-аад оны үед тэр луу унасан Бурхан багш Европт орж ирэхээр сүрдүүлж байна гэж зүүдэлжээ. Дэлхийн шинэ супер хүчний “шар заналхийлэл” II Вильгельм хааны гадаад бодлогын гол хэсэг байсан гэж түүхчид үздэг байна.

Зүүн Азиас Хойд Америк, Европ руу чиглэсэн цагаачлалын урсгал нэмэгдэж, хятад ажилчдын хямд хөдөлмөр, XIX зууны колоничлолын тэлэлт барууны ертөнцийн сайн сайхан амьдралд заналхийлж буй Азийн “бусдаас” айх айдас түгэхэд нөлөөлжээ. XIX зууны сүүлээр орон нутгийн эрх баригчид Ванкуверийн хятад хорооллыг хотын бие дээрх “идээт үрэвсэл”-тэй зүйрлэж, ариун цэврийн тогтмол шалгалт шаарддаг бохир усны шугам сүлжээ, мал амьтны бойны газар, гахайн аж ахуйтай нэг ангилалд хамаатуулдаг байсан гэж судлаач Люн бичжээ. Тухайлбал, ХХ зууны эхээр Лондонгийн Хятад хороолол болон Азийн дүүргүүдийг өвчин төдийгүй ёс суртахууны ялзрал мэтээр авч үздэг байжээ. Тэнд нүгэл, завхайрал, секс худалдаа, хар тамхи, мөрийтэй тоглоом цэцэглэсэн гэж үздэг байсан аж. Хэвлэл, улстөрч, поп соёл үүнийг өлгөн авч, хэвшмэл ойлголтыг бий болгож, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзлийг саяхныг хүртэл тарьсаар ирсэн.

“Үргэлж нуугдмал байдалд оршиж ирсэн мэдэхгүй зүйлээс айх, муу зүйлс гаднаас ирдэг гэх үзлийг энэ шинэ төрлийн коронавирус гаргаж ирсэн” гэж Кэйл онцолжээ. Халдварт өвчинтэй холбоотой хятадуудын эсрэг арьсны үзлийн нэгэн загвар байдаг. Энэ бол 2003 онд А хүрээний вирус, өдгөө коронавирус шиг аливаа нэг халдварт өвчин дэгдэх тоолонд нийгмийн хариу үйлдлийг бүрэлдүүлдэг бэлэн загвар юм. Энэ хачирхалтай үзэгдлийг үгүй хийхтэй нэгэн адил тайлбарлахад ч мөн хүндрэлтэй гэж судлаач өгүүлжээ.

Гараа угаа, хүнээрээ үлд

Арьсны үзэл нь хүнлэг чанарыг алдагдуулдаг гол хүчний нэг. Рожер Кэйлийн хэлснээр, нийгэмд хүн амын тодорхой хэсэг болон өвчлөлийн хооронд холбоо бий болох төдийд зорилтот бүлгийг аюул заналхийллийн хэв маягаас ялгах боломжгүй болдог. Ийм арьсны үзлийн үр дагавар өвчний дэгдэлтээс ч илүү хор хөнөөлтэй, урт хугацаанд оршдог талтай. Миннесота мужийн их сургуулийн Ази судлаач, түүхч Эрика Ли олон нийтийн сүлжээнд коронавирусийн тухай пост оруулахдаа эсвэл аливаа өвчний тархалтын үед бусад хүмүүстэй харилцах бүрдээ вирус Хятад бус харин Европын нэгэн улсад гарсан бол бидний хариу үйлдэл ижил байх байсан уу гэж эхлээд өөрөөсөө асуухыг зөвлөжээ. Үүнтэй судлаачид санал нэг байна. Вирусээс хамгаалах зорилгоор аливаа урьдчилан сэргийлэх, анхааруулах арга хэмжээ авахдаа ямар ч хэрэггүй дүгнэлт хийхээс хэн хүн зайлсхийж чадна. Тодорхой гаралтай хүмүүсээс зайлсхийх эсвэл хятад хоолны газруудаар үйлчлүүлэхээс татгалзахын оронд гараа угааж, эрүүл ахуйн дүрмийг чандлан сахихад  хангалттай. Хүнээрээ үлдэх л чухал.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baruuniihand buu itg(103.229.122.37) 2020 оны 05 сарын 05

muu haraal idsen baruuniihan bol hamgiin adgiin ulsuuddaa azi hun harahaaraa alchh gd bdg aziud bidch bas uursdiinhuu tuluu nedeh temtseh heregtei

2  |  0
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top