Зөв газраа зөв цагт...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Монголчууд  “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Тэгвэл манай Ерөнхийлөгч өчигдөр өмнөд хөршийн удирдагчтай хийсэн уулзалтаа энэ үгээр эхлүүлсэн нь дипломат ёсны хувьд тун зөв зүйтэй алхам болов.

Тэрбээр "БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн  тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”,  “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ гэсэн байна лээ.

Коронавирусийн тархалт дэлхийн улс орнуудын эдийн засагт  огцом нөлөөлж, улс орнууд өөрсдийн эдийн засгийн болон эрүүл мэндийн дархлаагаа хэрхэх вэ гэдэгтээ зовж буй ийм амаргүй цаг үед Монголын төр БНХАУ-тай ийнхүү найрсаг харилцаагаа шат ахиулж байгаа нь тун зүйтэй юм.

Мөн энд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буйг онцлох нь зөв байх. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар орсон нь Монгол Улс дипломат бодлогоороо дамжуулан  хилийн чинадад нэр хүндээ өсгөхтэй шууд холбоотой юм.

Дашрамд сануулахад, Монгол Улс өнгөрсөн жил  БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувь, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм. Товчхондоо бол БНХАУ манай эдийн засагт ихээхэн чухал нөлөөтэй, худалдааны түнш орон.

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлж өнөөдрийг хүртэл сэрэмж, болгоомжлолыг дагуулж буй коронавирустэй холбоотойгоор хоёр улсын худалдаанд асуудал үүсээд буй ч урт хугацаандаа тэд манай гол түнш байх нь дамжиггүй. Тиймээс ч дэлхий нийтээрээ БНХАУ-ыг коронавирусийн голомт гэж харж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад албан айлчлал хийсэн нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхийн сацуу эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө дагуулахуйц үйл явдал боллоо гэж харж байна.

Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжсэн үзүүлэлт болж байна.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.  БНХАУ-д коронавирусийн  халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэснийг тодотгоё. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАХАРХАЛТ(202.21.115.242) 2020 оны 02 сарын 28

Манай Ерөнхийлөгчийн өчигдрийн ”гэнэтийн” айлчлал ”урт хугацааны цонхоор” өнгийх, харах аваас МАШ ЗӨВ ЭГЗЭГТЭЙ ЦАГ МӨЧИД хийсэн шатрын нүүдэл байлаа гэж ойлгож, хүлээн авч бас бахархаж байна. Хамгийн муугаар, урвуугаар бодоход Хятад их гүрэн энэ аг зуурын бэрхшээлийг дотоододоо нам дараад авахад, авлаа гэхэд ... хэрэв манайд энэ тэр асуудал ... вирус-мирус ороод ирлээ гэж бодоход (гэхдээ түй түй Монгол эх орноос минь холуур өнгөрөөсэй илүү гэж гүнээ залирнам) Хятад улс танах асуудалтай гээд хилээ хаавал ... бид юу болох билээ дээ ... бидэнд яаж тусахав ... одоо бол нэг тийм өөдрөг байнаа

0  |  0
зочин(192.82.76.247) 2020 оны 02 сарын 28

Хойд хѳршдѳѳ дайны үед тусалж байсан шигээ,урд хѳршѳѳ орхиж болохгүй.Түүхэн үыл явдал боллоо,үнэхээр бахархаж бна.Мундаг гэхээс юу гэхэв.

0  |  0
иргэн(203.91.115.48) 2020 оны 02 сарын 28

ТЭМЭЭ,ТЭВНЭ ОРЧУУЛАХАД ИХ ХЭЦҮҮ ДЭЭ

0  |  1
Zochin(66.181.185.119) 2020 оны 02 сарын 28

Mundag holch uhaantai bn erunhiilugchduu talarhaj bn

1  |  0
Top